Монгол залууг буудсан хэрэгтэнд 33 жилийн ял оноолоо
АНУ-д түр хугацаагаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн С.Баяраагийн биед хүйтэн зэвсэг хэрэглэн халдсан Жорж гэх этгээдэд холбогдох хэргийг тус улсын хууль сахиулах албанаас гурван жил шалгасны эцэст өнгөрөгч баасан гарагт шүүж 33 жилийн хорих ял оноолоо.
Хэргийн талаар сануулбал Конкорд хотноо эхнэр хүүгийнхээ хамт ажиллаж амьдардаг С.Баяраа 2008 оны хавар өөрийн ажилладаг Домино пиццаны газраас ирсэн захиалгын дагуу Мотелын арын талбайд байрлах газарт пицца хүргэж өгөхөөр очсон байна. Захиалга өгсөн газартаа хүрэх үед харанхуй булангаас үл таних этгээд гарч ирээд буу тулган гурван хайрцаг пицца, ундаа зэргийг нь дээрэмдэхээр дайрчээ.Энэ үед С.Баяраа гэмт этгээдийн гарыг тавиулахаар ноцолдож эхлэх үед гэмт этгээд түүний биед буугаа тулган буудаад хэргийн газраас зугтжээ.
Халдлагад өртсөн монгол залуу цус ихээр алдаж ухаан балартаж байгаагаа мэдэн эхнэртээ утсаар хэлсэн байна. Улмаар хэдэн хормын дараагаар цагдаа, түргэн тусламжийн эмч нар хэргийн газарт очин шархдсан С.Баярааг эмнэлэгт хүргэжээ. Цагдаагийн ажилтнууд пицца үнэгүй олж авахын төлөө буу сумлан хүний амь насанд халдан хүнд гэмтээж хохироосон этгээдийг хэрэг гарснаас хойш тав хоногийн дараа Рино хотоос баривчилсан байна.
Гэмт халдлагад өртсөн монгол залуу Валнут Грийк хот дахь Жон Мур эмнэлгийн эмч сувилагч болон америкийн олон нийт буяны байгууллагууд, сайн санаат америк иргэдийн ачаар олон удаагийн хүнд мэс ажилбар хийлгэж бие нь эдгэрч одоогоор эрүүл саруул амьдарч байгаа аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ