Оросын талын хүслийг гүйцэлдүүлж Канадыг шахсан Монголын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдлаа

img

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Монгол, Оросын Ерөнхий сайд нарын хийсэн тохиролцоонууд хоёр улсын шинэ түншлэлд ихээхэн хувь нэмэр оруулахуйц, үр ашиг дагуулсан алхмууд болсон гэж тодотгож буй. Тэгвэл нэг гол тохиролцоо нь Монгол Улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд дуудагдахад хүргэлээ.

Тодорхой хэлбэл, хоёр улс хамтран “Дорнод уран” хамтарсан үйлдвэрээ албан ёсоор байгуулж 51:49 харьцаагаар хувь эзэмших болсонтой шууд холбоотой. Талууд хамтарсан үйлдвэр байгуулах гэрээ үзэглэсэн талаарх эхний мэдээлэл дуулдаж эхлэх үест Оросын мэдээллийн агентлагууд 21:21:58 гэсэн харьцаагаар шийдэгдсэн, Монгол, Орос улсууд тус бүр 21 хувийг эзэмшиж, харин Канадын “Хан ресорсез” компани 58 хувийг нь эзэмших юм байна гэх мэдээллийг өгч байсан. Тэгсэн мөртлөө компанийн ТУЗ-ийн 10 гишүүний тав нь монгол, тав нь орос байна гэх мэдээлэл байсан нь Канадчуудад 58 хувь ногдоно гэдгийг үгүйсгэж байв.

Харин Ерөнхий сайд арванхоёрдугаар сарын 17-нд айлчлалаасаа буцаж ирсний дараа ГХЯ-ны сайд Г.Занданшатар, Гадаад бодлогын зөвлөх О.Оч нар мэдээлэл хийхдээ Дорнод-Уран хамтарсан үйлдвэрийн 51 хувь нь Монголынх, 41 хувь нь Оросынх байхаар тохиролцсон талаар албан ёсоор дуулгасан.

Тэгвэл энэ нь Цөмийн Энергийн Газрыг олон улсын Арбитрын шүүхэд өгөхөө мэдэгдсэн Канадын “Хан ресорсез” тус газрыг бус шууд Монголын Засгийн газрыг тус шүүхэд өгөх алхмаа хийхэд хүргэжээ.

Тэгэхээр “Хан ресорсез” яагаад манай талыг шүүхэд өгөхдөө хүрснийг, өнгөрсөн хугацаанд юу болоод байсныг эргэн нэг харъя.

Өдгөө Орос, Монгол хоёрын хамтран эзэмшиж, ашиглах гээд байгаа Дорнод аймгийн нутагт орших 24 мянга орчим тонн буюу Монголын хамгийн их ураны нөөцтэй Дорнод ордын ашиглалтын лицензийг Монгол, Орос улстай хамтарч “Төв Азийн уран” компанийг байгуулсан “Хан ресорсез” компани эзэмшиж байсан. “Төв Азийн уран” компанийн 58 хувийг “Хан ресорсез” үлдэх 42 хувийг Монгол, Оросын төрийн өмчит компаниуд тэнцүү хуваан эзэмшдэг юм.

Харин манай улс Цөмийн Энергийн тухай хуулийг баталж, Цөмийн энергийн газар уран болон цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж лицензийг нь шинээр олгох үүднээс 2009 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсад олгосон бүх ураны хайгуулын болон ашиглалтын лицензийг хурааж авсаны дотор “Хан ресорсез”-ынх ч мөн байсан юм.

Улмаар “Хан ресорсез” компанийн зүгээс өнгөрсөн хугацаанд Монголын төр Оросын захиалгаар эрх мэдлийнхээ сүрийг үзүүлж “Дорнод-Уран”-ы орд дахь ашиглалтын лицензийг булаан авч, хүчингүй болгосон хууль бус үйлдэл хийсэн гэж хэлдэг.

Дээр хэлсэнчлэн лицензийг нь шинэчлэн бүртгэнэ гэж тайлбар хийн хурааж авсан хойноо, бусад компанийн лицензийг эргүүлж өгөөд өөрсдийнхийг нь өгөөгүй гэж тус компаниас мэдэгдэж шат шатны шүүхэд хандаж ирсэн.

“Хан ресорсез”-ын зүгээс лицензээ бүртгүүлэх санал тавьсан ч хүлээж аваагүй бөгөөд лиценз эзэмших эрхийг нь хууль бусаар цуцалсан. Хэрэв лиценз цуцлах ёстой гэж үзсэн бол эхлээд тухайн компанийн нэр дээр шинэчилсэн бүртгэл хийгээд дараа нь цуцлах ёстой. Шинэчилж бүртгүүлэхээр өгсөн лицензийг бүртгэхээс татгалзаж, улмаар шууд цуцална гэдэг бол байж болохгүй үйлдэл гэж тайлбар хэлдэг.

Мөн тус компани “...“Хан ресорсез” компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит “Атомредметзолота” компани худалдаж авах санал дэвшүүлэхэд Монголын төр ямар ч байр суурь илэрхийлээгүй. Гэтэл Хятадын CNNC групп манайхаас хувь эзэмших хүсэлтээ тавихад үүнийг улстөржүүлж, “Хан ресорсез”-ын лиценз хүчингүй гэдэг гэнэтийн мэдэгдэл хийсэн” хэмээн Монголын тал Оросуудад үйлчилж өөрийг нь шахан гаргах бодлогыг дэмжсэн гэдгийг тайлбарладаг.

Улмаар тус компани Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн Энергийн Газрыг шүүхэд өгч зарга үүсгээд ялж ялагдаж явсан.

Цөмийн Энергийн Газар бол “ Хан ресорсез”-той хамтрахгүй гэдгээ шууд хэлдэг. Тийм бодлого барьж буйгаа нуудаггүй.

Түүнчлэн “ Хан ресорсез” ХХК, “Төв азийн уран” ХХК-иуд нь шүүхийн шийдвэрийг олон нийтэд буруу мэдээлж, төрийн захиргааны байгууллага буруутай мэт ойлголт өгч, өөрсдийн зөрчил дутагдлыг хавхавчлах, олон нийт болон өөрийн компаний хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн туйлын хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаад эмзэглэж байна. Иймд дээр дурдсан компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна “ хэмээн мэдэгдсэн. Монголын уранаар барьцаа болгон Олон улсын хөрөнгийн биржид 48 сая ширхэг хувьцаа гарган арилжихдаа, нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах ёстой хуулийг, Аж ахуйн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг удаа дараа зөрчсөн “ Хан ресорсез” компани хууль зөрчсөн алхмуудаа засаж залруулсан бол, лицензийг нь сэргээхэд бэлэн байсан” гэж мэдэгдсэнийг нь бас дурдахгүй үлдээж болохгүй.

Ер нь Засгийн газрын тохируулагч агентлаг “ Хан ресорсез” компанийн тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүй гэж мэдэгдсэн нь даруй Засгийн газрын байр суурь байсан.

Гэхдээ “ Хан ресорсез” компанид тухайн үед Засгийн газрыг шүүхэд өгөх боломж байгаагүй. Харин Монголын Засгийн газар Оросуудтай хамтрах гэрээг нэгэнт үзэглэсэн учраас тэд ийнхүү дараачийн алхмаа хийж байна. Тэд Монгол Засгийн газартай Олон улсын шүүх дээр уулзахаас өөр аргагүй байдалд орсон гэж байна.

Засгийн бодлого Оросуудыг түшиж, Канадуудыг шахаж буй талаар ТӨХ-ны удирдлага ч хэлж байсан. Төрийн өмчийн хороо туршлагатай, технологитой Канадуудтай хамтарч ажиллая гэсэн төлөвлөгөөтэй байж байтал Оросууд “Канадыг шахаад гаргачихъя. Орос-Монгол” 51:49-өөр хамтраад явъя гэсэн санал тавьж. Улмаар Монголын хувьд Орос хөршөө чухалд тооцох цөөнгүй шалтгаан бий учраас санал нь ийнхүү бодитой ажил болоод буй юм.

Тэгэхээр одоо Монголын Засгийн газар Арбитрын шүүх дээр “ Хан ресорсез” -тэй хэрхэн тулахыг харах үлдлээ.

Э.Болорхажид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ