
“Өдрийн сонин”-ы 2011 оны 275 дугаарт нийтлэгдсэн “Малын хулгайч нартай тооцоо бодсон малчид хэрэгтний ширээнд суужээ” гэсэн асуудлыг тодруулах үүргийг УЕПГазраас Архангай аймгийн прокурорын газарт өгсөн юм. Энэ дагуу дараах хариуг ирүүлжээ.
2011 оны 08 дугаар сарын 14-с 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Булган сумын 4-р багийн нутаг , Улаан хадны давааны ар гэх газраас иргэн О.Бат-Очир, О.Бат-Эрдэнэ нарын хар зүсмийн соёолон насны үрээ, шар хээр зүсмийн соёолон үрээ, хүрэн зүсмийн нас гүйцсэн морь зэрэг нийт 3 тооны адуу хулгайд алдагдсан гэх гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2011.08.18-ны өдөр, тус аймгийн Цагдаагийн газарт хүлээн авч уг хэрэгт мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Ц.Чимэддорж 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 21101284 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, мөн 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг Урд могой гэх газраас иргэн В.Бат-Эрдэнэ нь 7 тооны морио алдсан гэх хэрэгт аймгийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Ц.Чимэддорж 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 21101392 дугаартай хэрэг тус тус үүсгэн шалгаж байгаа бөгөөд дээрх хэргүүдэд хяналтын прокурор Ч.Бямбажаргал хяналт тавин ажиллаж байгаа ба одоогийн байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дээрх хэргүүдийг Б.Болдбаяр, Ж.Пүрэвдорж, Түвшинтулга, Б.Балжинням нар нь бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Мөн Ж.Пүрэвдорж, Б.Болдбаяр, Б.Түвшинтулга, Б.Балжинням нарыг удаа дараагийн үйлдлээр бусдын морь, үхэр зэргийг хулгайлсан байж болзошгүй гэж үзэн иргэдээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллүүдэд холбогдуулан шалгаж байгаа ба дээрх сэжигтнүүдийг дахин гэмт хэрэг үйлдэх, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй үндэслэлээр цагдан хорьж мөрдөх саналыг Архангай аймаг дахь сум дундын шүүхэд хүргүүлсэн боловч яллагдагч Б.Балжиннямыг шүүгчийн захирамжаар цагдан хорьж, харин яллагдагч Ж.Пүрэвдорж, Б.Түвшинтулга, Б.Болдбаяр нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан болно.
В.Бат-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ, О.Бат-Очир нар нь өөрсдийн 10 тооны адууг хулгайд алдсан талаархи гомдол мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газарт гаргаснаас хойш 2 хоногийн дараа буюу 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг, Урд могой гэх газар В.Бат-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн Ж.Пүрэвдорж, Б.Түвшинтулга нарыг зодож бие мах бодид нь тус тус хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн ба уг үйлдэлд тус аймгийн Цагдаагийн газраас 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн , тус цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч а/д Ц.Чимэддорж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэнийг тус прокурорын газрын туслах прокурор Ш.Наранчимэг хянаад 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь сум дундын шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн болно.
Яллагдагч В.Бат-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ нар нь бусдыг бүлэглэн зодож бие мах бодид нь санаатай хөнгөн гэмтэл учруулах болсон шалтгаан нь Ж.Пүрэвдорж, Б.Түвшинтулга, Б.Болдбаяр нарыг өөрсдийнхөө адуунуудыг хулгайлсан гэдгийг хэлүүлэх, өөрсдөөр нь үйлдсэн хэргийнх нь талаар яриулах зорилгоор Ж.Пүрэвдоржийн амыг нь төмрөөр хөшиж “... хийсэн хэргээ хүлээхгүй бол шүдийг чинь сугална... “ гэх мэтээр сүрдүүлж, мөн гарыг нь ард нь хүлж, өмдийг нь тайлан ташуур, мод зэргээр биеийнх нь бүх хэсэгт ороолгох, цохих зэргээр зодсон, мөн Б.Түвшинтулгын дээлийг нь тайлж биерүү нь ташуураар ороолгох, төмрөөр цохих, баруун хөлийн шагайруу нь төмрөөр цохих гэх мэтээр зодож Ж. Пүрэвдорж, Б.Түвшинтулга нарын биед тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдсон болно.
Бусдын адууг хулгайлсан Ж.Пүрэвдорж нарт холбогдох хэргийг прокурор удахгүй шүүхэд шилжүүлэх ажээ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ