”Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” бие даасан хуультай болох боломж бүрдлээ
Манай улс өнөөдрийг хүртэл хүн худалдах гэмт хэргийг эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл заалтаар шийдэж ирсэн. Ингэхдээ хохирогч болон гэрчийг хамгаалж чадахгүй явж ирлээ. Харин хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан хуультай болсноор хүнийг эд бараа мэт зарсан этгээдэд хариуцлага хүлээлгээд зогсохгүй, хохирогч, гэрчийг хамгаалах асуудал нь хүртэл шийдэгдэх боломж бүрдэж байна. “Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” бие даасан хууль манайд байх шаардлага бол байгаа. Шалтгаан нь өнгөрсөн арван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн золиос болж хохирсон хүний тоо 129 -д хүрээд байна. Энэ бол хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн хохирогчдын тоо. Цаана нь мэдэгдээгүй хэрнээ хүний наймааны золиос болж яваа хүмүүс олон байгаа.
Иймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан хуулийн төслийг хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг хүмүүс санаачилжээ. Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан хуулийн төсөлд засгийн газрын хийх болон анхаарах ажлыг бас багтаасан байна. Жишээ нь хуулийн төслийн 6. 1 ийн 3 –д хүн худалдах гэмт хэргийн хохирогч хилийн чанадад байгаа Монгол улсын иргэнд туслах сан бүрдүүлэх, түүний зарцуулах журмыг батлах ёстой гэжээ. Мөн энэ гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл байгуулсан байх ёстойг ч хуульд тусгасан байх юм. Хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ хуулийг тун удахгүй УИХ-д өргөн барих гэж байна. Батлагдвал манай улс энэ гэмт хэрэгтэй жинхэнэ утгаараа тэмцэж, урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.
Хүнээ баялаг гэж үзсэн улс орон хөгждөг. Өөрөөр хэлбэл эхлээд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах шаардлага байгаа. Эс бөгөөс энэ төрлийн гэмт хэрэг дэлхий нийтийг цочроож байна. Монголчууд ч энэ хэргийн золиос болж, хохирсоор байгаа нь баримтаар нотлогдсоор байгаа. Төр засгийн өндөрлөгүүд , шийдвэр гаргагчид анхаарч, дээрх хуулийн төслийг батална гэдэгт хүний эрхийн байгууллагынхан итгэлтэй байгаа юм.
Ж.Батхишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ