
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд нарт үүсгэсэн 2008 оны сонгуулийн дараахи үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэргийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас сэргээн шалгаж эхэлсэн билээ. Үймээнээр хүний амь үрэгдсэн хэрэгт хэн буруутай эсэхийг тогтооход чиглэгдсэн мэдээлэл сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж буй. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 2008 оны долодугаар сарын 1-ний үймээний үеэр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийн тэмдэглэл, галт зэвсэг хэрэглэснийг нотлох сумны хонгио зэргийг олон нийтэд ил болгосон юм. Уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой асуудлаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-2008 оны сонгуулийн дараах үймээний үеэр таван хүний амь насыг хохироосон хэрэгт сэжиглэгдэж буй цагдаагийн удирдлагуудын хэргийн мөрдөн байцаалт дууссан уу?
-Мөрдөн байцаах ажиллагаа дуусч, нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлсэн.
-Х.Тэмүүжин гишүүний олон нийтэд дэлгэсэн тэмдэглэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан уу?
-Манай Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас Хүний эрхийн дэд хороонд хүсэлт гаргаж байж тэр цагдаагийн тэмдэглэлийг авсан. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авсан гэсэн үг.
- Тэмдэглэл бичсэн цагдаагийн албан хаагч мэдүүлэг өгсөн үү. Тэрхүү тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн зүйлс хөдлөшгүй баримт болж чадах уу?
-Тэмдэглэл бичсэн цагдаагийн албан хаагч мэдүүлэг өгсөн. Энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрээгүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Дашрамд дурдахад Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан хурандаа Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, Хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Г.Ганбаатар нар өөрсдөд нь холбогдох хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцсан юм байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т зааснаар ял төлөвлөжээ. Эрүүгийн хуулийн дээрх зүйл, ангид “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулсан, хэтрүүлсэн, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хурандаа нарыг эрх мэдлээ урвуулан ашиглаж буудах тушаал өгсөн гэх үндэслэлээр буруутгах бололтой. Мөн Эрүүгийн хуулийн энэ зүйл анги Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ