Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэхэд төр чухал үүрэгтэй
Улсын бүртгэлийн ерөнхий газрын зарим албан хаагчид номын дуу сонслоо. Тэд авлига, хүн худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалтанд хамрагдаж байна. Ингэснээр төрийн албаны ажил сайжирч, ард түмнийг чирэгдүүлэхгүй болно гэж зохион байгуулагчид тооцоолжээ. Төрийн албаны хүнд суртал нь хожим иргэдийн эрх зөрчигдөхөд хүргэдэг гэлээ. Иймээс иргэд төрийн үйлчилгээг төвөггүй хүртэх ёстой гэж байна.
Ингэхийн тулд төрийн ажлыг сайжруулж, төрөөс иргэд ямар нэгэн чөдөр тушаагүй үйлчилгээ хүртэх боломжийг бүрдүүлэх нь чухал гэсэн юм. Өнөөдрийн байдлаар манай улсад хүнийг эд бараа мэт зарж худалддаг гэмт хэрэг байсаар л байна. Таслан зогсооход төр засгийн анхаарал халамж хамгийн чухал үүрэгтэйг Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Т.Ганбаясгах хэллээ.
Манай улсад анх 2000 онд хүн худалдах гэмт хэргийн хохирогч бүртгэгдсэн байдаг. Хүйсийн тэгш эрхийн төв тухайн үед байгуулагдаж , энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай ярьж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ гэмт хэрэг байсаар байгаа нь төрийн бус байгууллагууд төрийн байгууллагуудтайгаа уялдаа холбоо муутай ажилладагаас шалтгаалдаг байна.
Иймээс төрийн байгууллагууд хувийнхантайгаа хамтран ажиллах шаардлага байгаа учраас энэ сургалт бас ач холбогдолтой болж байгааг оролцогчид хэлж байв. Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр иргэдийн нэгдсэн бүртгэл байдаг, бас гадаад хүнтэй гэр бүл болсон хүмүүсийг ч бүртгэсэн байдаг. Дээр нь иргэдэд гадаад паспорт олгодог гээд иргэдийн бүртгэлтэй холбоотой ажил зохион байгуулдаг. Энэ утгаараа хүн худалдах гэмт хэргийн талаар ойлголттой байх ёстой. Өнөөдрийн энэ сургалтад улсын бүртгэлийн ерөнхий газрын 30 -аад албан хаагч хамрагдаж байна.
АНУ-ын Азын сан, улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх тухай ярьж байна. Эндээс төрийн байгууллагууд төрийн бус болон олон улсын байгууллагуудтайгаа яаж хамтран ажиллахаа нарийн тооцож гаргахыг зорьж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ