Хятадад хар тамхины хэргээр ял эдлэж байсан эгч дүүс нутагтаа ирлээ
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн хорих ял сонссон эгч, дүү хоёр болох Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нарыг эх оронд нь шилжүүлэн авах тухай хүсэлтийг өнгөрөгч хавар тус улсын эрх бүхий албанынханд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уламжилсан юм. Эл хүсэлтийг тус улсын эрх бүхий албанынхан хүлээн авч өнөөдөр Б.Норжмаа, Б.Цэвэлмаа нарыг эх оронд нь шилжүүллээ. Тэд ялтан шилжүүлэх гэрээний дагуу ийн эх орондоо ирж байгаа юм.
Эгч дүүс болох дээрх хоёр монгол эмэгтэйн нэг нь буюу Б.Норжмаагийн биеийн байдал нь хүнд байгаа гэсэн мэдээллийг өмнө нь ар гэрийнхэн өгч байв. Тэдний хэлэхээр Б.Норжмаа тус улсын шоронд 2008 оноос хойш хоригдож буй бөгөөд бөөрний дутагдалд орж, хоол боловсруулах эрхтэн нь өвчилжээ.
Эгч дүүс хятадад ял сонсох болсон учир нь 2008 онд Улаанбаатараас БНХАУ-руу зорчихдоо нэгэн үл таних Өвөрмонгол иргэний захиалгаар мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсныг нь Эрээний боомтын гаалийн байцаагч нар илрүүлж хятадын цагдаа нарт хүлээлгэн өгчээ.Тэдний тээвэрлэж явсан бодис нь каннабисын төрлийн бодис болох нь тогтоогдож тус улсын Ардын шүүхээс 15-20 жилийн хорих ял авсан аж.
Сүүлийн үед онцгой хурдацтай газар авч сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хэрэглэх, борлуулах, тээвэрлэх гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын газрын санаачилгаар хууль сахиулах байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.
Цаашид энэ гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх нийгмийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна.
Одоогоор зөвхөн Хятад улсад хар тамхины хэргээр баригдсан монгол иргэдийн тоо 34 хүрээд байна. Тэд худалдагдан эзнийхээ даалгавраар хар тамхи Хятадын хилээр нэвтрүүлэхдээ, эсвэл өөрсдөө амар хялбараар мөнгө олох сонирхолдоо хөтлөгдөн тийм зүйл авч яваад баригддаг юм байна. Хятадын хуулийн дагуу 50 мг хэмжээнээс илүү хар тамхи илэрсэн тохиолдолд шууд цаазын ял оноодог ажээ.
Монгол иргэдийн олонхийн мэдүүлэг өгсөн байдлаас харахад “Нас хүйс харгалзахгүйгээр гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн зарын дагуу хандаж хар тамхины наймаачдын нууц сүлжээний эздэд худалдагдан энэ хэргийн золиос болжээ.
Ялын дээд хэмжээ өгдгийн учир нь зөвхөн ганц хүний нэг удаад оруулж ирдэг хар тамхины хэмжээ багаар бодоход нь 40-50 гэр бүлийн амьдралыг бусниулах хор хөнөөлийг нийгэмд учруулдаг гэж хятадууд үздэг юм байна. Тиймээс онц аюултай гэмт хэрэгт тооцдог бөгөөд монгол, хятад, ер нь аль улсын иргэн гэдэг нь тэдэнд сонин биш байдаг бололтой.
Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, өндөр цалинтай ажлын зар, хялбараар мөнгө олох боломжийн тухай аливаа саналд хууртаж болохгүй гэдгийг сануулж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ