Хөгжлийн бодлого хүн амын насжилттай уялдаж явах ёстойг санууллаа
Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж амжилттай батлан гаргахад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбатыг ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж буйгаа НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавэл хэлж байна.
Хоёр эрхэм баасан гаригт уулзаж ярилцах үеэр ийм яриа болсон юмаа. Хатагтай А.Матавэл, нийгмийн тулгамдсан, бэрхшээлтэй, асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн чухал үүрэгтэй ажилладаг байнгын хорооны даргын албанд шинээр томилогдсонд баяр хүргээд, цаашдын хамтын ажиллагаа улам бэхжиж, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан.
Мөн тэрбээр Жендэрийн асуудлаас гадна хүн ам хөгжлийн асуудлыг мөн чухалчлан үзэх зайлшгүй шаардлага гарч байгааг, бусад орны парламентад хүн ам хөгжлийн асуудал хариуцсан бие даасан байнгын хороо ажилладаг. Мөн хүн ам зүйн төлөвлөлт хариуцсан яам, газар үйл ажиллагаагаа явуулдаг бол Монгол Улсад энэ чиглэлийн бие даасан төвлөрсөн газар, яам, агентлаг байхгүй байгаа нь НҮБ-ын хүн амын сангаас тусламж, дэмжлэг үзүүлж үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байдаг. Аливаа хөгжлийн бодлого хүн амын насжилттай уялдаж явдаг.
Тухайн улсын хүн амын тоо, динамик хөдөлгөөнийг авч үзэхгүйгээр хөгжлийн бодлого хэрэгжих үйл явц тун тааруу болж удааширдаг. Хүн амын дунд өндөр настаны тоон үзүүлэлт ихсэхээр Засгийн газрын халамжийн зарцуулалт ихэсч, татвар багасдаг. Япон улс энэ цаг үеийг туулсан.
Хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн тоо их байсан цонх үедээ бүтээн байгуулалт нь өндөр үзүүлэлттэй байж маш их баялаг бүтээсэн. Тийм учраас өнөөдөр насжилт өндөр тоон үзүүлэлттэй байгаа ч бэрхшээл бага байна. 10 жилд нэг удаа явагддаг хүн амын тооллого сая явагдаж дууслаа. Эцсийн дүнг зургадугаар сард танилцуулна гэсэн мэдээлэлтэй байна.Үүгээр Монгол улсын нийт хүн амын хэдэн хувь нь хэдэн насны хүн байна гэдэг үзүүлэлт гарна. Өнөөдөр Монгол улсын нийт хүн амын 69 хувийг 15-65 насны хөдөлмөрийн чадвартай хүмүүс эзэлж байна.
Харин 20-40 жилийн дараа энэ үзүүлэлт буурч өндөр настангуудын тоо өсөх үзүүлэлт гарч байгаа юм. Иймд одооноос энэ нөхцөл байдлыг анхаарч, хөдөлмөрийн насны эдгээр хүмүүсийг боловсрол, мэргэшил, ажлын байраар хангах бодлогод УИХ-ын гишүүд анхаарал хандуулах нь чухал байна.Цаашид энэ чиглэлээр хамтарсан ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой хэмээн хатагтай А.Матавэл ярьсан юм.
НББСШУБХ-ны дарга Д.Очирбат хатагтай А.Матавэлийн ярьсан зүйлүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлж байв. Мөн байнгын хороо үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг хүн ам хөгжлийн асуудалд чиглүүлж ажиллана. Түүнчлэн энэ чиглэлийн боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх, гадаад, дотоодын сургалтад хамруулах, туршлага судлахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм.
Мөн байнгын хорооноос өнөөдөр тулгамдаад байгаа хүн амын цонхны үеийн асуудлаар холбогдох яамдтай хамтран нээлттэй сонсгол хийх, чуулганы завсарлагаанаар хүн ам хөгжлийн асуудлаар УИХ-ын гишүүд, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгэм, олон нийтийн төлөөлөл оролцсон чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа танилцуулав. Түүнчлэн цаашид хамтран зохион байгуулах, хийж хэрэгжүүлэх ажлууд их байгааг онцолж хэлэхийн сацуу НҮБ-ын Хүн амын сангаас байнгын дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирсэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ