Монголыг сурталчилах “ITB Berlin 2015”-ийн бэлтгэл амжилттай байна
ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн тэргүүлэх аялал жуулчлал, агаарын тээвэр, зочид буудлын салбарын “ITB Berlin” үзэсгэлэн худалдаанд Монгол Улс албан ёсны түнш орноор оролцох болсон билээ. Уг үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид нэг улсыг түншээр сонгодог бөгөөд ингэснээр тухайн улс орон өөрийн сурталчилгааг дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр давуу эрхтэйгээр, өргөн хүрээнд сурталчилах боломж нээгддэг байна.
б
Ирэх хавар болох “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар болон ямар ажлууд хийж буй хийхээр төлөвлөсөн тухай өнөөдөр ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, “Аялал жуулчлал-Ирээдүй” ТББ-ын тэргүүн М.Есөнмөнх нар сэтгүүлчдэд мэдээллээ.
б
Манай улс “ITB Berlin-2015” үзэсгэлэнд оролцох бэлтгэлийг хангах ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороо Засгийн газрын дэргэд байгуулагдан ажиллаж байгаа аж. Энэхүү хорооны удирдах зөвлөлд ССАЖЯ, аялал жуулчлалын холбоод болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл багтдаг ба уг зөвлөлд байдаг “Аялал жуулчлал-Ирээдүй” ТББ-аар үзэсгэлэнгийн бэлтгэл, зохион байгуулалтын ажлуудыг гүйцэтгүүлж буй юм байна. Ийнхүү төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран дэлхийн хэмжээний үзэсгэлэнд оролцон, аялал жуулчлалын мэргэжлийн зах зээлд эх орноо танилцуулахаар шамдан ажиллаж байна. Уг ажлын талаар санал солилцох зорилгоор өнөөдөр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг, мөн уг салбараас ашиг шим хүртдэг 500 орчим аж ахуй нэгж, компани, төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг уулзалтыг зохион байгуулсан.
б
Мөн энэ сарын 27-ны өдөр Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, “ITB Berlin-2015” олон улсын үзэсгэлэн худалдаанд манай улс түнш орноор оролцохтой холбогдуулан “Fundraising dinner” буюу хандивын үдэшлэгийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Дэлхийн хэмжээнд монгол орны аялал жуулчлалын сурталчилахад тодорхой хувь нэмэр оруулах энэхүү үйл ажиллагаанд тус салбарт үйл ажиллагаа явуулдаг, ашиг шим хүртдэг төлөөлөгчдийг оролцохыг уриалж байлаа.
ы
“ITB Berlin-2015” үзэсгэлэн худалдааны үеэр 570 сая хүнд Монгол Улсын талаарх мэдээлэл хэвлэмэл сурталчилгаа болон телевиз, радио, интернэтээр дамжин хүрэх юм. Бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах Үндэсний хорооныхон үзэсгэлэнгийн үеэр Enigmatic буюу нууцлагдмал, Dynamic буюу хөгжиж буй эрч хүчтэй, Natural буюу онгон дагшин байгальтай гэсэн гурван үндсэн чиглэлээр хийж дэлхийн аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсыг танилцуулахаар бэлтгэж буй гэнэ.
б
Монгол Улсын Засгийн газраас Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог байгуулан ажиллаж, 2016 он гэхэд манай улсад ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт дэвшүүлээд байгаа билээ. Тэгвэл “ITB Berlin-2015” үзэсгэлэн худалдаанд манай улс түнш орноор оролцсоноор дээрх зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
ы
Б.Бэхи
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ