Хүн, хүлэг хоёрын хатуужлыг сорьсон 188 хоног
Холын аянаас хүү ирлээ. Энх уулзахын ерөөл билэгдэн, баруун хацрыг нь үнсэж, цацал өргөн үлдсэн ижий мэндийн цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү мэлтэлзүүлэн угтлаа.
d
Монгол эх орноо нар зөв тойрон мориор аялахаар шийдэж, Улаанбаатар хотоос өнгөрөгч тавдугаар сарын 9-нд хөдөлж, Өмнөговь аймгийн Овоотын отрядаас холын аянд мордсон “Морьтон монголчууд” өнөөдөр ирлээ. Одоогоос зургаан сарын өмнө “Морьтон залуу” ТББ-аас “Морьтон Монгол” төслийг хэрэгжүүлж, монгол эр хүн, монгол адууны тэсвэр хатуужил, туулах чадварыг сорих, хилийн дагуу шинэ маршрут нээх, залууст эх орноо хайрлах, түүх соёлоороо бахархах сэтгэлгээг төрүүлэх. Тусгай сонирхлын аялалд багтах морин аяллыг олон нийтэд сурталчилах, зарим үзмэрийг хаягжуулах, морийг эдэлж хэрэглэх уламжлалт ухааныг сурталчилах, үеийн залууст үлгэр дуурайл болох зорилго өвөрлөж, аяллыг санаачлагч Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Байгалийн ухааны сургуулийн Газарзүйн багш-Аялал жуулчлалын менежерийн ангийн оюутан М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг нар болон “ETV” телевизийн зураглаач Д.Нацагдоо, гэрэл зурагчин Ч.Ганболд нар урт аянд хүлгийн жолоо залсан билээ.
s
Тэдний аялал 188 хоногийн турш Монгол Улсын хил дагуух 15 аймгийн 89 сумаар дамжин үргэлжилж 10394 км замыг туулснаар аялал эхэлсэн цэг Овоотын отрядад урт аян отголжээ. Ийнхүү урт замыг алжаалгүй туулж, зорьсондоо хүрсэн талын морьтон баатрын үр сад “Морьтон Монгол” төслийн багийн гишүүд хаврын сардаа эхэлсэн аянаа өвлөөс урьтан өндөрлөн, намрын сар адаглаж буй энэ өдөр ирлээ.
s
Морьтон монголчуудыг гэр бүл, ойр дотныхон нь болоод “Морьтон Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Ганбат, ҮХАА-ын дэд сайд Б.Цогтгэрэл, ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уяач Д.Даваахүү, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ч.Отгонбаатар, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Энхболд нарын хүмүүс угтлаа.
s
Аяллын турш 10394 км замыг туулахдаа орон нутгийн тусч иргэд, зон олон болон уяачдын холбооны дэмжлэгтэйгээр морьдоо сэлгэн унасаар явжээ. Нийт 88 морь сэлгэн унасан гэнэ. Харин аяллын эхний цэгээс жолоо залсан нэгэн гайхамшигт хүлэг эздийнхээ хамт эх орноо бүтэн тойрч, их нутгаа хүлгийн туурайгаар тамгалаад иржээ. Монгол адууны тэсвэр хатуужил, туулах чадварыг бүрэн утгаар харуулсан энэ сайхан хүлгийг эзэд нь Монгол буурал хэмээн нэрийдсэн байна билээ. Харин энэ үеэр Монгол буурал моринд “Өгөөдэй хааны хүлэг” хэмээх эрхэм алдар хайрласан юм.
d
б
Энэ хүлэг нь анх аяллын гараа эхлэхэд Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Евромикс” компанийн захирал Ж.Энхболдын бэлэглэсэн таван морины нэг аж. Буурал морь нь урт аяныг туулаад ирсэнд баяр бахдал, бахархал омогшил дүүрэн буй түүнтэй цөөн хором ярилцав.
ө
-Таны бэлэглэсэн буурал морь 10394 км замыг туулаад эзэндээ ирж, та жолоог нь атгаад зогсож байна. Энэ сайхан хүлгээр бахархахгүй байхын арга алга.
-Сайхан байлгүй яахав. Үнэхээр сайхан байна. Анх энэ таван залууг явж байхад хүн бүр чадлынхаа хэрээр тус дэм болж байсан. Би ч мөн таван морио барьж өгөөд аялал эхэлж байлаа. Анх өгч байхдаа буурал морь минь аяллын замыг бүгдийг туулаад эргээд ирнэ гэж бодоогүй шүү. Монголын шандаст хүлэг аргагүй өөр байдаг юм байна даа. Мөн том зорилгоо биелүүлж, аяллаа амжилттай дуусгаад ирсэн таван залуудаа баяр хүргэе.
б
-Монгол буурал аль нутгийн хүлэг вэ?
-Буурлыгаа шүдлэн үрээ байхад нь Төв аймгийн Сэргэлэн сумаас худалдаж авч байсан. Ер нь адуундаа буурал морьтой байх сонирхолтой хүн /инээв/.
б
-Та адуунд их хайртай хүн шиг байна. Таны энэ буянт сүрэг улам олон болтугай.
-Ах нь моринд дуртай Монгол хүн. Адуун сүрэгтэй болоод 20 орчим жил болж байна. Одоо 600 гаруй адуутай. Сүрэгт минь хурдан удамтай хүлэг бий. Би адуугаа их дээдэлж явдаг хүн дээ.
б
Морин дэл дээр эрвэлзэж, эх орноо нар зөв тойроод урт аяны дөрөө мулталсан Морьтон монголчуудтай уулзаж, цөөн хором ярилцсанаа хүргэе. Тэд удаан хугацаанд хүлээсэн гэр бүлийнхэнтэйгээ уулзах, зураг авахуулах, аяллын багийнханд баяр хүргэж, баярыг хуваалцах гэсэн олны хөлд дарагдаад бидэнтэй ярилцах зав тун хомс байлаа.
б
Ц.Даваахүү: Нутаг нутгийн салхийг амьсгаллаа
МУБИС-ийн оюутан
ө
Аян замдаа сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ. Хүлэг сайн морьдоороо эх орноо нар зөв тойрч, Морьтон монголчуудаа дэлхийд зарлан тунхаглаад, залуу насандаа эх орноо танин мэдэж, судлан, монгол уламжлал, ёс заншлаа дээдэлсээр сайхан яваад ирлээ бид.
Өмнийн шаргал говь, өндөр цэнхэр хангай, дорнын уудам тал гээд бүхий л байгалийн бүс бүслүүрээр хэсч явлаа. 15 аймгийн 90 шахам сумаар дайрч Монгол Улсынхаа бүх л ястан үндэстэнтэй уулзав. Нутаг нутгийн салхийг амьсгалж, сайхан явж ирлээ.
б
Ч.Ганболд: Манай залуус сумын наадамд гурав давсан
Гэрэл зурагчин
ө
-Замдаа сайн явж ирэв үү. Зургаан сарын өмнө “бид аялал хийнэ” гэж хэвлэлийн хурал хийж байсан бол өнөөдөр зорилгодоо хүрсэн байна.
-Сайн явж ирлээ. Тиймээ. Энэ аялал бидний мөрөөдөл байсан учир шантрах юм гарсангүй сайхан явж, биелүүлээд ирлээ. Бид тайгад хэд хоног хоолгүй явж байлаа, ямар ч завгүй хөвчийн тайгад төөрч явлаа. Гэхдээ энэ бүхэн шантрах шалтаг биш юм. Бэрхшээл, саад тохиолдоход үүнийг яаж давах вэ гэж бодон эв, эеээ нэгтгэж нөхцөл бололцоогоо ашиглан гаргалгаа хийн шийдвэрлэж явсан даа. Ер нь эх орныхоо онгон, дагшин байгалиа үзэж, байгалийн цэвэр усаа ууж, борцоо идээд хээр явахад монгол хүн эрүүл, саруул явдаг юм байна.
б
-Багийн зохион байгуулалтаа хэрхэн хийсэн бэ?
-Хүн бүр хариуцсан ажилтай. Түүнийгээ хийгээд явдаг. Багийн зохион байгуулалт сайтай гэх үү дээ /инээв/.
ө
-Та нарын аяллын замд сумын наадам тааралдаж зодоглосон гэсэн. Та барилдав уу?
-Түүхт ойгоо тэмдэглэж буй, баяр наадмаа хийж буй сумдууд замд тааралдаж байсан. Миний барилдах гэж юу байхав. Харин оюутнууд маань зодоглосон. Завхан аймгийн Тэс сумын наадамд манай залуус тус бүр гурав давсан. Баян-Өлгий аймгийн суманд үзүүр түрүүнд үлдсэн. Увс аймагт хоёр давцгаасан. Улсын цолтнуудтай хүртэл барилдсан шүү. Бас нэг морио эртхэн уяа сойлгыг нь тааруулсан бол уралдуулах боломж гарсан. Бэлтгэл муутай байсан болохоор давхиулаагүй.
б
-Аяллын замд явж байхад чинь та бүхний нэвтрүүлэг гарсан. Өөрсдийгөө зурагтаар харав уу?
-Техник технологи хөгжих сайхан юм. Бидний замын дундаас хойш нэвтрүүлэг гараад эхэлсэн. Энд тэнд явж байхад машинтай хүмүүс зогсоод “Морьтон монголчууд байна шүү дээ. Сайн явж байна уу. Одоо хаана хүрэх вэ” гээд л асууна. Сумын төвд гурвуулаа явж байхад жаахан хүүхдүүд “Морьтон Монголчуудаа хоёр чинь хаана байгаа юм бэ” гэж хүртэл асууж байсан.
б
-Давж, туулахад хамгийн хэцүү нь ямар даваа байв.
-Монгол шарын даваа жаахан хүнд байсан. Тайгад зөвхөн морь л явах жимтэй. Битүү бургасан ой, гол, булаг, чулуу гээд бүх л юмыг давж гарсан. Бусад газар гайгүй ээ. Сайхан байсан.
б
Д.Нацагдоо: Эх орноороо бахархаж байна
“ETV” телевизийн зураглаач
б
-За сайхан явж ирэв үү. Таныг олны дундаас хамгийн түрүүнд охиноо харж байхыг ажигласан. Аялалд мордоход нь хэдэн сартай байсан бэ?
- Аяллын явцад гарсан эрсдэлгүй, морь мал эрсэдсэнгүй сайн, сайхан явж ирлээ. Охиноо их саналаа шүү /инээв/. Биднийг явахад долоон сартай байсан. Зөндөө том болсон байна. Сайхан байна аа. Бид монгол мориороо эх орноо нар зөв бүтэн тойрч, Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь Монгол Алтайн нуруу, зүүн захын цэг Соёлз уулын модот хамар, хамгийн хойд захын цэг Их Саяны нурууны Монгол Шарын даваа, өмнө захын цэг Орвог хошууны Бор толгойдоо хүрээд ирлээ. Хүний гар, хөл хүрээгүй газраар явлаа.
б
-Морин дээрээс зураг авахад ямар байв.
-Хүндрэл, бэрхшээл байсангүй. Надад асуудал биш байлаа. Би багаасаа хурдан морь унаж өссөн. Адуучин, уяач өвөөгөөс шингэсэн зүйл ч байдаг байх. Халуун, хүйтэн, сэрүүн гээд бүх л уур амьсгалд явлаа. Зорьсон зорилготой байсан болохоор шантрах юм гарсангүй.
б
-Та бүхэн хилчидтэйгээ их ойр явсан байх.
-Хилчид маань бидэнд хамгийн их тус болсон. Монгол орныоо өнцөг булан бүрт эх орныхоо хилийг нүд цавчилгүй хамгаалж буй хилчид маань биднийг маш халуун дотноо хүлээн авч тусалж, дэмжиж байсан. Хил дагуух бүх отрядаар орлоо. Заримд нь хоноглож үзлээ. Хилчиддээ баярлалаа.
б
-Таныхаар эх орон гэж?
-Хүмүүс гадаад, гадаадаар аялна л гээд байдаг. Үнэндээ монгол орныхоо сайхныг үзчихээд гадаад гэмээр юм байна билээ. Монгол орон бол үнэн агуу юм. Би эх орноороо бахархаж байлаа.
б
М.Батчулуун: Аавын хүүгийн хатуужил, агт морьдын шандсыг сорьсон аялал боллоо
МУБИС-ийн оюутан
а
-Сайн явж ирэв үү. Та бүхэн зорилгоо биелүүлээд ирлээ. Нэгэн бахархалт үйлийг бүтээлээ.
-Сайн явж ирлээ. Баярлалаа. Юуны өмнө биднийг энэ үйлийг эхлүүлж байхад хүлээн авч уулзаж, дэмжсэн Улсын их хурлын гишүүн Х.Баттулга ахдаа их баярлаж байна. Энэ хүн биднийг дэмжээгүй бол ийм том амжилт гарахгүй байсан ч магад. Бид Монголын болоод дэлхийн түүхэнд баримттайгаар ийм урт замыг хамгийн анх удаа тууллаа. Манай өвөг дээдэс эрт үеэс нүүдлийн соёл иргэншилтэй амьдралдаа дасан зохицож өдөр морин дээрээ явж, орой борцоо буцалгаж идээд өглөө мордоод аяндаа гардаг байсан хэмээдэг. Бид ч ингэж явлаа. Хээр хонохдоо борцтой шөлөө ууж, эмээлээ дэрлэн унтаад, өглөө морио эмээллээд л морддог байсан.
б
-Замд алжааж, ядрав уу?
-Ингэж явахад хичнээн хол явсан ч ядардаггүй юм байна. Бороонд хээр хоноод л явсан бидний хэнийх ч хоолой өвдөж, ханиад хүрээгүй. Харин ч нэг хүн дунджаар 5-10 кг жин нэмсэн. Энэ маш сонин байгаа байхгүй юу. Монгол хүний биеийн онцлог, тэнхээ, хол замыг морин дээр туулах чадвар эндээс харагдаж байгаа юм.
ө
-Монгол буурал үнэхээр гайхамшигт хүлэг юм.
-Тиймээ. Сайхан хүлэг. Өмнөговийн Гурвантэсээс гараад л эх орноо нар зөв тойроод ирлээ. Жинхэнэ монгол адуу л гэж энэ байх даа.
б
-10394 км замыг туулсан аяллыг нэг өгүүлбэрээр хэлвэл.
-Аавын хүүгийн хатуужил, агт морьдын шандсыг сорьсон аялал боллоо. Аль, аль нь амласан тангарагтаа хүрлээ гэж бодож байна. Аяллын багийнхандаа их баярлалаа.
б
-Хилийн отрядад хоноглож, хилчидтэйгээ их ойрхон явсан шүү дээ.
-Хилчид ямар эх оронч, үндэсний үзлийг өөртөө шингээсэн хүмүүс байдаг юм бэ. Дорнод аймгийн Халх гол сумын домогт Халх голын отрядын бие бүрэлдэхүүнтэй уулзаж байхад “бид эх орондоо нар мандахыг хамгийн түрүүлж хардаг азтай хүмүүс” гэж ярьж байсан. Тэд өдөр, шөнийн ялгалгүй нүд цавчилгүй эх орны хилээ манаж байдаг баатарлаг хүмүүс билээ. Увс аймгийн усан хилийн заставын ахлагч ах “24 цагийн турш хилээ манадаг. Даарахгүйн тулд 10-20 км алхдаг” гэж ярьж байсан. Хилчид бол агуу хүмүүс байна лээ.
б
-Та бүхний аяллын зорилгод үеийн залууст үлгэр дуурайл болох гэж байсан. Залууст хандаж юу гэж хэлэх вэ?
-Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үг байдаг. Энэ уудам эх орноо өөрийн биеэр явж, мэдэрч үзээрэй. Энэ бүгдийг ийм сайхан чигээр нь үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосноо залуучууддаа хэлье.
ы
Б.Будхүү
Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ