Н.Лхамаа: Амжилт үзүүлэхээр хичээж байна
Автомашин, мотоциклийн олимп буюу "Дака ралли" уралдааны автомашины төрөлд анх удаа Монгол Улсын тамирчин ОУХМ Н.Лхамаа болон түүний багийнхан уралдах гэж байна. Өнөөдөр тамирчдын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.бМанай улсын тамирчид хоёр жилийн өмнөөс анх "Дака ралли"-д оролцож, ОУХМ Н.Лхамаа, Д.Болдбаатар нар мотоциклиор уралдаж байсан. Өнгөрсөн жил мотоциклийн төрөлд уралдсан ОУХМ Д.Болдбаатар уралдааны замаа дуусгаж, амжилттай оролцсон билээ.
36 дахь удаагийн "Дака ралли" уралдаан ирэх 2015 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр буюу нэг сар гаруйн дараа Аргентин улсад эхлэх гэж байна. Тус уралдаанд оролцоход зардал мөнгө их шаардлагатай, автомашины төрөлд оролцоход зардал мөнгөнөөс гадна туршлага хэрэгтэй болохоор энэ тэмцээнд өрсөлдөх нь саяхныг хүртэл манай тамирчдын мөрөөдөл байжээ. Гэтэл өнгөрсөн жилийн "Дака ралли"-гийн үеэр танилцасн Унгарын "Uniqa Sandlander" багийнханы тусламжтайгаар тэрхүү мөрөөдөл биелэх боломж гарсан байна.
Олон жилийн туршлагатай Унгарын "Uniqa Sandlander" багийн ахлагч Шондар Себьястьяан монгол найз Н.Лхамаагийн хамт "Дака ралли"-д оролцох хүсэлтээ илэрхийлснээр энэхүү нөхцөл боломж бүрджээ. Дашрамд хэлэхэд тэрбээр тэмцээнд оролцох машин, зардал зэрэг асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Монгол Улсаа төлөөлөн "Дака ралли"-ийн саад бэрхшээл олонтой замд уралдахаар бэлтгэж буй ОУХМ Н.Лхамаа болон багийнхан анх удаа оролцож буй ч тодорхой амжилт үзүүлэхээр зорьж бэлтгэлээ базаасаар буй гэнэ.
Монгол, Унгарын хамтарсан "Uniqa Sandlander" багийнхан энэ удаа гурван машинаар уралдана. Тэд үйлдвэрээс гарсан шинэ машины ангилал болох Т2-т уралдахаар бэлтгэлээ базааж байгаа аж. Хамтарсан баг 25 хүний бүрэлдэхүүнтэй ба 431 дугаартай машины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдах бол механикаар спортын мастер Б.Батболд явах юм. Харин Унгарын тамирчин Шондар Себьястьяан 355 дугаартай машин унаж уралдахаар болжээ. Түүний чиглүүлэгчээр цагдаагийн хурандаа Д.Жаргалсайхан уралдана. Мөн Унгарын тамирчин унаж уралдах 413 дугаартай машины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт уралдах юм байна.
ө
Манай тамирчид унаж уралдах машинаа Монгол Улсынхаа төрийн дууллыг монгол бичгээр бичих, эх орныхоо газрын зураг, төрийн далбаа зэргээр гоёж, нэг тэрбум үзэгчтэй "Дака ралли"-д Монгол улсаа сурталчилан уралдана хэмээн ярьсан. Энэ жилийн "Дака ралли"-д 138 автомашин 9111 км уралдах бол мотоциклийн төрөлд 164 тамирчин 9295 км замд хурд хүч, эр зориг, авхаалж самбаа сорих нь ээ. Манай тамирчид уралдааны үеэр унах механикийн машинаа хүргээд иржээ. Харин тамирчид энэ сарын 18-нд Аргентин улсыг зорих юм.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ