Нугардаггүй тахим, бөхийхгүй толгой гэж байдаггүй

img

Хямрал юунаас эхтэй вэ гэдгийг өнөөг хүртэл оноож чадахгүй сууна. Учраа олохгүй мунгинаж суух хооронд төгрөгийн ханш суларч, валют чангарч инфляци өнгрөсөн оны мөн үеийнхээс 9.3 хувиар өслөө. Иргэдийн мөнгөн орлого нэмэгдэхгүй байгаа үед энэ үзүүлэлтүүд дордсоор байгаа нь хямралын эсрэг арга хэмжээ үнэгүйдэж байгаагийн тод илрэл. Шийдлийн Засгийн газар шийдэж чадахгүй байгаа нь олон шалтгаантай.

.

Эдийн засаг маань уул уурхайн салбараас бүрэн хамааралтай. Экспортын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг энэ салбарыг популизмаас ангид байлгаж гэмээн эрүүл эдийн засагтай болно. Нэг гараараа хууль батлаад нөгөө гараараа нухчин дараад байвал баялгийн хараал улам л гүнзгийрнэ. Төр засаг нь нэгэнт гаргасан шийдвэр дээрээ суурьтай зогсоод хэрэгжилтийг нь сайтар хянадаг бол бид арай ч ийм байдалд хүрчихгүй байлаа. Өч төчнөөн асуудал босгон тэмцэж, өлсгөлөн зарлаад эхлэхээр л гаргасан шийдвэрээсээ буцдаг эсвэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулна. Үүнийгээ иргэдийн дуу хоолойг сонссон юмаа гэж тайлбарлана. Тэмцэгчид дунд кноп дараад хууль дэмжсэн эрхэм түшээд ч цохиж явна. Гацууртын орд тойрсон маргаан олон хийрхэгчдийг шинээр төрүүлэв. Нэр хүндээ алдсан хууччуулд ч олон нийтийн хараанд өртөх боломж олгож байх шиг байна. Оюутолгой төсөл “гацаанд” орчихсон, Тавантолгой төсөл шийдэгдэж амжаагүй байгаа энэ үед Засгийн газрын зүгээс Гачууртын ордыг ашиглах нь, эдийн засгийн хувьд боломжтой алхам гэж үзэж байгаа нь тийм ч муу алхам биш.

.

Харамсалтай уул уурхайн компани бүрийн ард байх 10 мянга шахуу ТББ-ууд их бага хэмжээгээр хөдөлгөөнд орлоо. Хямралаас гарах нэг арга зам нь энэ орд газрыг ашиглах юм гэсэн шийдвэрийг төр гаргасан. Одоо буцах нь л дээ. Монголыг аврах баялаг л юм бол талбай дээр зогсоо 10 хүний дуу хоолойгоос гурван сая иргэний төлөөллийн шийдвэр илүү үнэ цэнтэйсэн. Ингээд биччихээр эрх баригчдын гар хөл, монголоо худалдсан өөдгүй амьтан гэхчлэнгээр хараагаад эхэлнэ. Уг нь иргэдээ төлөөлөөд улсаа удирд гээд бид өөрсдөө сонгосон биз дээ. МАНАН ч байна уу солонго ч байна уу хамаагүй нийлж салаад улс гэрээ авч яв гэсэн сонголтыг өөрсдөө л хийсэн. Одоо болохоор хараагаад эхэлнэ. Нийгмийн ухамсар, сэтгэлгээ дорой, хариуцлагагүй, бэлэнчлэх дуртай, хүчтэй нь хүчгүйгээ дарангуйлах хандлагатай ард түмэн өөрөө соён гэгээрэхгүйгээр хараалын бай болсон төрийн түшээ нараас хэзээ ч салахгүй.

.

Дэлхийн хөгжлийн сор түүчээ болсон Герман, Оросын ард түмэн Гитлер, Ленин, Сталиныг ард түмэн нь өөрөө л төрүүлсэн. Улс гэр хөгжихөө хүрвэл маш амархан. Нийгмийн ухамсар, сэтгэлгээ шинэ шатанд гаргах, хариуцлагатай болох, бэлэнчлэлээс хөдөлмөрлөгч, ширэнгийн хуулиар бус шударга хөдөлмөрийн хандлага бий болгох л чухал байгаа юм. Уул уурхайн салбар дээр л гэхэд Засгийн газар заавал хувь эзэмших гэж зүтгээд байхын хэрэг байна уу. Төр хэзээ ч сайн бизнес хийж чадахгүй. Ашиглах уурхайгаа хийж чаддагт нь зайгаа тавьж өгөөд хяналтаа стандартын дагуу тавьж, татвараа бодлогоороо авч, нөхөн сэргээлтээ өмнөх байснаас нь сайжруулсан байдлаар хийлгэвэл уурхай гэдэг тийм ч аймаар хадны мангаа биш. Урьд өмнө бид үүнээс л болж алддаг байсан. Алдсаар ч байгаа. Татварын бодлого нь тодорхой бус хийтэй, нөхөн сэргээлтийн талаар огт анхаардаггүй байснаас улсын халаас хоосон, урвуулаад хаячихсан баахан овоолго шороотой үлдэж байсан. Ердөө л хяналтгүйгээс тэр. Хяналт тавих тогтсон стандарт гэж алга. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Ямар хэмжээний баялгийг хэрхэн яаж олборлож улсын халаасанд хэдий хэрийн ашиг орлого оруулах вэ, ашигласан талбайг ямархуу янзтай хүлээж авах вэ гэдгийг эхлэлээс төгсгөлийг нь хүртэл харсан хяналтын бодлоготой байх учиртай. Энэ бодлого ажил хэрэг болж чадахгүй байгаагаас л асуудал үүсээд байгаа юм.

.

Нэгэнт л буруу яваад байгаа уул уурхайн бодлого дээр хэсэг бүлэг хүмүүс тоглолт хийх нь тэдний эрх. Тийм хий гаргасан шийдвэр гаргагчдыг айлгаж ичээж байгаа нь ч зөв. Харин түүгээр хийрхэж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэж чармайгсад л дэндүү увайгүй байна даа. Алдаа онооны дэнсэн дээрээс одоо л зөв харж сэхээрэхгүй бол бидэнд боломж тэр бүхий олдохгүй. Бид баян байж үзсэн. Хавтгайгаараа найрлаж наадамлан, мөнгийг баруун солгойгүй цацаад л. Магадгүй эдийн засаг муудаагүй бол энэ бүх алдаагаа анзаарах ч сөхөөгүй явах байлаа.

.

Унаж босч гэмээн энэ улс цаашаа явна. Нугардаггүй тахим, гудайдаггүй тэргүүн гэж байхгүй. Алдаагаа олж харахгүйгээр ононо гэж байхгүй. Алдаагаа бултаараа хэлэлцээд өндийх л хэрэгтэй. 2011 онд 4-5 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий найман хувьтай тэнцэж байсан гадаадын хөрөнгө оруулалт 840 сая ам.долларт хүртлээ буурсан. Тавантолгой, төмөр зам, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулья гэж гуйж явсан нөхдүүд бараа туруугүй арилж, хууль эрхзүйн орчин сайтай улс орнуудын төслүүдийг санхүүжүүлээд л явж байна. Бид юуг алдсан вэ гэдэг дээр архиметикийн хүнд бодлого бодож хариуг нь гаргах, үсээ үгтээх шаардлагагүй. Хөрөнгө оруулалтын таатай орчин үүсгэ, хуулиудаа байнга битгий өөрчлөөд бай, улс төрийн тогтвортой орчин бий болго, хаа хаанаа хариуцлагатай алсын хараатай бай. Баялаг бүтээгчдийг боомилдог төрийн механизмаа өөрчил. Тэгээд болох юм биш үү.

.

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin123:
нугардаггүй тахим, бөхийхгүй толгой гэж байдаггүй!!! 100 huvi sanal neg bna ene niitleliin aguulgatai.
2015-03-15
tusuv:
ene tv geer ajilgui irgediin too buursan urhiin dundaj orlogo 800000 geed hudlaa statistek too gargahaa boliochee. hudlaa *haa bolioch ene tur zasag
2015-03-15