Эрэлт нийлүүлэлт салшгүй

img

Хөдөлмөрийн яам Монголд нээлттэй байгаа ажлын байрны санал ажил хайж байгаа иргэдээсээ хол зөрүүтэй давчихсан судалгааг гаргажээ. Ажлын байр хангалттай байхад ажилгүйчүүд байсаар байгаагийн учир юу вэ. Ердөө л тухайн ажлын байранд тэнцэх мэдлэг боловсрол, ур чадвартай мэргэшсэн боловсон хүчин тэр бүрий байдаггүй, ажлын шаардлага хангадаггүй гэсэн тайлбарыг ажил олгогчид өгдөг гэнэ. Энэ хоосон орон зайг гадаадын иргэд нөхнө. Монгол боловсон хүчнээр хангаад явах сонирхол хаа хаанаа бий. Энэ гажуудал боловсролын салбараас шууд эхтэй. Хөдөлмөрийн зах зээл дээр ямар ур чадвартай, ямар мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байгаа талаарх мэдээлэл алга. Хэрэвзээ ийм нарийн мэдээллийг ойрын болон хэтийн прогнозтойгоор гаргадаг бол ирээдүйн мэргэжлээ сонгож байгаа элсэгчдэд туйлын хэрэгтэй байхсан. Хөдөлмөрийн биржээс мэдээлэгдэж байгаа ажлын байрны мэдээллийг ажиглаад эдийн засаг нийгмийн аль салбарт нь хэдий хэрийн боловсон хүчин шаардлагатай байгаа босго тогтоож их дээд сургуулиудын элсэлтийн тоо хэмжээг зохицуулж яагаад болохгүй гэж. Мянга мянган ажилгүйчүүд бэлдэж байхаар хөдөлмөрийн зах зээл дээр гараад шууд ажлын байртай болдог бол наанадаж төгсөгчдөд цаанадаж улс орны нийгэм эдийн засгийг мэдлэгт суурилуулахад том түлхэц болно. Нүсэр том бодлого боловсруулж хэрэгжүүлэх гэж өч төчнөөн тэрбум төгрөг хий хоосон зарлагдахын дэргэд ийм тоооцоо судалгаан дээр тулгуурласан бодлого хэрэгжүүлэх төсөв хөрөнгө дэндүү өчүүхэн. Хөдөлмөрийн зах зээл дээрх 4-10 жилдээ эрэлттэй байх мэдээлэл тун чухал. Эдийн засгийн 90 хувийг тэтгэж байгаа уул уурхайн салбарт л гэхэд чухам ямар мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байгааг судлаад жагсаалт гаргая. Эдийн засгаа солонгоруулах ямар салбарууд байна. Түүнд ямар мэргэжил боловсролтой хэдий хэрийн ажиллах хүчин хэрэгтэй болох вэ гэдгийг судлахад нэг их төвөгтэй биш. Мэдээлэл хэдий чинээ бодитой, нарийвчлалтай байна ажилгүйдлийг төдий чинээ багасгана шүү дээ.

1

Нөгөө талаар төгсөгчдийн мэдлэгийн ашиглалт хангалтгүй байгаа нь анхаарал татаж байна. Оюутнуудын дөрвөн жил сурсан мэдлэгийн 20 хувь нь л ажил дээр нь ашиглагдаж байгаа гэсэн судалгаа гарчээ. Үлдсэн 80 хувь нь хоцрогдсон буюу тухайн мэргэшилд төдийлөн тус болохгүй мэдлэг. Эсрэгээрээ байх ёстой шүү дээ. Ийм боловсон хүчнийг дахин бэлтгэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд ховор. Мэдээж нэмэлт зардал ихээр шаардана. Төгсөөд ажлын байртай эсэх нь тодорхойгүйгээс сургалтын чанар хийгээд суралцагчдын идэвх муу байгаа юм. Ирээдүйд би ийм мэдлэг боловсрол, ур чадвартайгаар хангалуун амьдарч чадна гэсэн төсөөлөлтэй суралцагч ажилгүйдлийн эгнээ рүү тийм ч амархан шилжихгүй. Сурч байгаа сургуулиасаа ч ийм шаардлагыг нэхнэ. Боловсролын чанарын асуудал ч аяндаа цэгцэрчихнэ. Хүн болгон дээд боловсролтой болох гэж тэмүүлэх биш ирээдүйгээ харсан мэргэжилтэй болохыг аяндаа хүснэ. Ердөө л эрэлт нийлүүлэлтийн хууль шүү дээ. Ийм боловсрол, хөдөлмөрийн цагирагийг бий болгоход л олон асуудлын огцоог тайлж чадна.

1

Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлье гэвэл мэдлэгт суурилсан нийгмийг эхлээд байгуулах ёстой. Үүнд боловсрол, хөдөлмөрийн яамны уялдаа холбоог сайжруулах нь чухал. Нэг нь баахан оюутнууд төгсгөөд гаргадаг нөгөө нь хөдөлмөрийн зах зээл дээр гараад гологддог үгүй бол илүүддэг гаж тогтолцоотой байвал улс орны нийгэм эдийн засагт хор хохиролтой. Боловсрол ажлын байртай нягт уялдаж байх ёстой. Судалгаагаар хөдөлмөр эрхэлдэг хүн амын 19.8 хувийнх нь хөдөлмөрийн бүтээмж хангалтгүй гэсэн тооцоо гарчээ. Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж муу байгаагийн учир шалтгаан нь ажлын байрныхаа шаардлагыг хангасан мэдлэг боловсрол олж авч чадахгүй байгаатай шууд холбоотой. Бүтээмж муу байгаа нь эдийн засагт шууд нөлөөлнө. Цалин хөлс нэмэгдэхгүй байгаагийн гол шалтгаан энэ. Баялаг үйлдвэрлэж чадахгүй байгаа юм чинь яаж мөнгөн орлого нэмэгдэх билээ дээ. Эрдэс баялгаа хүрздэж хутгаад л, малынхаа арьс нэхийг хуулаад л бас гадагш гарна. Нэмүү өртөг шингээчих аж үйлдвэр алга. Аж үйлдвэрүүд босоод ч тэнд ажиллах боловсон хүчин хомсхон. Гэсэн хэрнээ гудамжаар нь дүүрэн ажилгүй залуус. Нанотехнологи, иновацийг хөдөлгөөнд оруулчих мэдлэгтэй толгой улам ховордоод байдаг. Гэтэл гудамжаар дүүрэн бас л эрдмийн зэрэгтэн мяндагтангууд.

1

Улс орны эдийн засаг нийгмийн хөгжил өрсөлдөх чадварыг өсгөхөд мэдлэгийн хэрэглээ, шинжлэх ухаан технологийн ололт, иновацийн идэвхжлээс шууд хамаардаг цаг үе хэдийн ирчихсэн. Манайхан боловсролоороо дэлхийд тэргүүлдэг хэрнээ өрсөлдөх чадвараараа 148 орноос 107-д, иновацийн төвшингөөрөө 109-д л явж байна. Эдийн засагт технологижсон, оюуны үйлдвэрлэл 17, экспортын технологитой бүтээгдэхүүн 16-хан хувь байна. Үлдсэн хувь нь импортынх тэр дундаа түүхий эд, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн. Муу ард түмэн гэж байхгүй. Муу төр л гэж байдаг. Монголчууд оюуны чадамж өндөртэй. Яагаад 83 хувийн түүхий эдээр өл хоолоо залгах гэж. Нэмүү өртөг бүтээх ажиллах хүчний бодлого гэж байхгүйтэй л холбоотой. Бид хөгжлийн асар их боломжтой улс юмсан. Хөдөлмөрийн зах зээлийг зөв боловсрол мэдлэгээр тэтгэхгүйгээр цаашаа хол явахгүй ээ.

1

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaluu:
ene olon hereggui deed surguuliud n 1 dugeert uchiraa olohgui zaluu ueiin hairan 4 jiliig hend ch hereggui hooson onoloor uren taran hiine, 2. za tegeed tugsluu, tugssun mergejleeree ajil oldohuu gedeg bas l ergelzeetei uern bol dunguj surguulia tugssun huniig ajild avah n baga, tegeed ch neg jild tugsuj baigaa oyutnii tootoigoo tentsuu ajliin bair mongold lav baihgui, 3. za yahav az n taarsan neg n mergejleeree esvel shal dalii uur chigleleer arai gej ajild orloo gej bodii, tegeed ter ajiluulj baigaa gazar n tsalingaa uguhuu ugui yu gedeg n bas l asuudaltai, tsalingaa avsan ch mongolchuudiin dundaj tsalin hed bilee jiriin mongol hun huviin alban tusviin baiguullagad ajilaad hezeee ch 1 uruu bair mashintai bolohgui shuu dee. tegehleer mongoliin zaluu ueiin ireedui yamar baina tanii tusuulluur? ene bol unen bodit baidal
2015-03-15
irgen:
ene olon huvi huvisgalin deed surguuluudiig tsegtsleechee. diplomni orontsoguud. deed mergejil hun bolgond heregtei yu? hunii erh ch gesen. deed surguuliin toog tsooloh chanart ni anhaarahgui bol jinhene zavhral ene bna.
2015-03-15
zochin:
tegeed muu tortei sain ard bid yanam be? ug n zov sedev hondjee
2015-03-15