“Мэтгэлцэх” ухаан

...Хэнтэй ч яах вэ. Мэтгэлцмээр л байна. Би дуучин биш л дээ. Гэхдээ зохиолын дууны хэн нэгэнтэй дуугаар “халз” дуэлдсэн ч яахав. Яагаад болохгүй гэж. Надад хоолой заяагаагүй ч дуу яаж төрдөг, түүнийг ард түмэн амандаа чихэр шиг хүлхдэг болтол нь хэрхэн амьдруулах талаар бусдаас сонссон, номноос уншсан юм байна. Гэхдээ хэн нэгнийг ярилцлагад биш “мэтгэлцээнд” дуудмаар байгаа юм шүү. Ялгаж салгаж ойлгоорой. Телевизийн ярилцлаганд урихад завгүй болоод ирээгүй бол яахав. Дараа дахин урьж, болзож болно. Мэтгэлцээнд ирээгүй бол өөрөөр авч үзнэ. Айсан хэрэг. Бууж өгсөн ч гэж хэлж болно. Дахин урих болзох яриа байхгүй. Доромжилж өгнө, араас нь.
Ер нь мэтгэлцээн гэдэг хүнд хүрдэг төдийгүй, өрөөлийг “бодлоготой” өдөхөд их зүгээр юм байна. Ухаан нь хүргэн хүү хадам аавыгаа өдье л дөө. Амьдралаа олигтой чирээд явж чадахгүй байна гээд. “Өрхийн тэргүүний үүргийн хэрэгжилт, түүнд өгөх үнэлэмж” сэдэвт халз мэтгэлцээнд дуудчихья л даа. Хадам аав гэдэг ахмад хүндтэй хүн тул зөөллөөд мэтгэлцээнд дуудахгүй, “урья” гэж зөөлрүүлье. Үүнийхээ өдөр цаг, болох газрын товыг өөрөө гаргаад бүх ах дүүд нь зарлачихья. Энэ бол эхнэр уурлаж, ах дүүс талцаж, гэр бүл бутарах зэрэг сөрөг үр дүн нь тэр дороо гарах шулуудсан мэт алхам. Гэхдээ нэгнийхээ мууд дуртай араншингаараа хүмүүс сонирхоно. Харин энэ тохиолдолд хадам аав ирж харагдахгүй л болов уу. “Тэр ирж мэтгэлцвэл сайн, мэтгэлцэхгүй бол бүр сайн”. Араас нь чангахан юм залгуулна л даа. “Танай аав ийм л хүн байгаа юм. Айл аваад явах чадваргүй. Хэн гэдгийг нь хэлээд өгье гэсэн гөлөлзөөд ирсэнгүй. Таньдаг хүнээрээ яриулаад болзсон рестораныг минь хаалгаад, тогийг нь таслуулчихаж. Нөлөөтэй юмаа. Ах дүүгээ мэргэжлийн хяналтын даргаар тавьчихсан юм байна” гээд охиныг нь ах дүүтэй нь баалаад байхад хадам нь цөхөрч, мэтгэлцээнд ирээгүйдээ харамсаж ч магадгүй. Ингээд байхад тэсээд суух хань, үр хүүхэд байх уу. Үр дүн нь тов тодорхой. Энэ айлууд өөр хоорондоо эвдэрсэн шиг эвдэрч, салсан шиг сална биз. Бөөнөөрөө нийлээд өөр лүү нь үг шидээд байвал бүүр сайн. Ганцаардсан хүнийг өрөвдөж хүрээлэх “масс” орцны жижүүрээс эхлээд захаасаа бий. Тэд бүгд л хадмыг нь зүхэж, үгүй дээ л дуугарахаа болино.
Үүний араас хүүхдүүдээ “уриалья”. “Танай энэ өвөө өөр бусад ач нартаа бэлэн мөнгө өгөөд байх шиг. Манай хэдэн хүүхдэд нэгжний мөнгө ч хаяхгүй байна. Ийм өвөө байх уу. Дараа цагаан сараар хоосон золгоцгооё”. Ингээд ирэх цагаан сараар тэр хөгшин хэдэн ачийнхаа жавартай нүдний үзүүрт даарч ганцаардлыг мэдэрч эхэлнэ. Хошин сонсогдож байгаа байх л даа. Өнөр өтгөн, үр ачаа шуугиулсан нэг өрх айлын тэргүүнийг хийрхүү ганц хүргэн ийм амархан самарч болж байна. Дээшээ ах эгчтэй нь ч заамдалцах хэрэггүй. Томхон харж, эрэмбэ алгасаад хадам аавыг халз мэтгэлцээнд урьчихад л цаашаа гэзэгдсээр байгаад нэр хүндийг унагааж гэр бүлийнх нь тайван байдлыг алдагдуулж болж байна. Өшөө нарийсгаад хатуухан оролдвол цус харвуулж насыг нь богиносгож ч магадгүй. Нэг хүргэнээ архинаас гаргаж ажилтай болгоод хоёр охиноо гадаадад гаргаад, бага хүүдээ лизингээр машин авч өгч таксинд гүйлгээд, ажилтай хэд нь мөнгөө нийлүүлж олон хүүхэдтэй өрх толгойлсон том эгчдээ туслаад, 8 хувийн лизингэд зүтгээд гэх мэтээр овоо нэг бөөнөөрөө хөл дээрээ босох гэж байсан нэг бүл айл ингээд “хөөрхий” болж эхэлнэ. Эв нь эвдэрч, хэрүүл босно. Хамтын бүтээлч уур амьсгал нь алдагдаж тал талдаа тавьсан зээл хүүгийн дарамт нэмэгдэнэ. Үүнийг үг сөрөгч хүргэн хүү хүссэн ч байж болно. Үгүй ч байж болно. Ямартай ч гэр бүлийн гишүүдийн оюун сэтгэхүй нь хэрүүл дор төвлөрч өглөөнөөс үдэш хүртэл хүргэн хадмын тал үг шидэлцэнэ. Энэ нь гэр бүлээс хальж хаврын уртад уйдсан сошиал “тивийнхний” жинхэнэ зугаа, комментийн сэдэв болно. Ингэхэд хүргэн яагаад ингэтлээ хадмаа үзэн ядах болсон билээ. Энэ асуултыг нээлттэй орхисон нь дээр. Амьдрал баян тул гаргалгаа нь бас олон.
Харин улс орны хэрэгт бол энэ өөр асуудал. Төрт ёс гэж байна. Ерөнхийлөгч, төрийн өндөрлөгүүд хэн нэгний хаврын улс төрийн дөрөө болж, хаа дуудсан газарт нь эмээл тохом тэвэрч очоод “мэтгэлцээд” яваад байж болохгүй тал бас бий. Хадам хүргэн мэтийн ахуйн харьцаатай зүйрлэшгүй өөр жишиг, өөр эрэмбэ энэ төрд бас бий л дээ. Үүнийг Монгол хүн байх тухай, өв уламжлал ёс жудаг ярьдаг хүмүүс сайн мэдэж байгаа. Тийм ч болохоор санаачлагчид нь “мэтгэлцвэлсайн, мэтгэлцэхгүйболбүрсайн” гэж энэ урилгынхаа аль аль талын үр дүнг урьдчилан тодорхойлж хэлсэн биз. Өдөр болгон шахуу төрийн өндөрлөгүүд, хэдэн олигархуудтайгаа их багаар мэтгэлцэж суудаг Г.Уянга гишүүн хүртэл сэтгэл татагдан очихыг бодоход С.Жавхлан гавьяатын халз мэтгэлцээний зар энэ хаврын улс төрийн “хар зах” дээр үнэд хүрсэн “идеа” боллоо. Аливааг ухамсарлах, үнэт зүйлээ хамгаалах үүднээс бид хэлэлцэж мэтгэлцэж л байдаг. Харин эхнээсээ л болно гэж харж төлөвлөөгүй энэ мэтгэлцээний “зар”-д татагдаж намирсан улстөрчид энэ удаа олон байлаа.
Болох ч үгүй байсныг нь тооцож байсан мэтгэлцээний дуулиан дээр дөрөөлсөн хүчирхийллийн шинжтэй ноцтой уриалга ч дараа нь сонсогдлоо. Эвдрэх, толхилцох үед үр дагавар, гарз хохирол нь хэний нуруун дээр үлдэж, уухайлах уриалахын ард хэн нь торны цаана үлдэж, хэн нь хойд хаалгаар нь гараад ирдгийг нэгэн зуны долдугаар сарын 1-ний үйл явдлаар бид харсан. Учир иймд улс төр хийгсэд олон нийтийг “турхирах” сэдэв, төрд тулгах “юм”-ныхаа тун хэмжээг тааруулж байх нь Монголын амар амгаланд тустай болов уу. Энэ мэтээр цэцэрхэж томчуудыг мэтгэлцээнд дуудмаар л санагдаж байна. Гэхдээ намайг “тодруулах”- ын төлөө миний зарлах “дуэлд” тэд ирэхгүй гэдгийг давхар тооцох ёстой юм билээ.
“Би чи гэх хоёр эргийн дээрээс бие бие рүүгээ гүүр барьсаар уулзахыг амьдрал” хэмээн хэлэх дуртай нэгэн би. Ийм агуулгаар С.Жавхлан гавьяат ч зөндөө дуу дуулж олны хайр талархлыг хүлээсэн. Харин улс төрд ороод өөр дуу аялаад байх шиг. Төр, олноо хоёр эрэгт гаргаж талцуулаад, хойно нь улс төрийн хонжоо харж байгаа бол их үсрээд хэддүгээр зиндааны ч юм “Топ-Популист”-оор л шалгарна гэдгийг зарим нэг улс төрөөр оролдогч нарт төгсгөлд шуудхан хэлчихье. Хайртай газар шорооныхоо чулуугаар харийнхныг ч, бие биенээ ч нүүлгэх хэрэггүй юм.
Чулуу шидсэний хариуд зөрүүлээд сүү өргөх гэгээрэлээс бидний оршихуй дэндүү хол байна. Харин тамын тогооны энэ харанхуйгаас “хөтлөлцөөд гарья” гэсэн нь зөвдөөд явчих байх даа.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ