Т.Сүхбаатар: ОХУ-ын багийг хожвол аварга болно гэсэн тооцоог бид хийсэн

img

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатартай ярилцлаа.




-Саяхан эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн болж өнгөрлөө. Та уг тэмцээнд дасгалжуулагчаар явсан болохоор ярих сонин ихтэй биз?


-Монголын баг тамирчид “Дэлхийн цом”-ын тэмцээнд долоо дахь удаагаа оролцлоо. Санкт-Петербургт болсон энэ тэмцээнд бид туршлагажсан баг оролцууллаа. Тэмцээнд явахын өмнө аль хэсэгт ямар орны багтай өрсөлдөх вэ гэдэг нь сугалаагаар тодорхой болсон учир бид хэрхэн барилдах прогнозоо гаргасан байлаа. АНУ, ОХУ, Швед, Украины багтай нэг хэсэгт орсон. Тэр дотроос ОХУ-ын багийг хожиж чадвал манай баг аварга болох боломж харагдсан. Бусад орны бөхийн мэргэжилтнүүд ч тийм таамаг дэвшүүлсэн байсан юм билээ. Гэтэл бид ОХУ-ын багт хожигдсон.



-Та бүхний төсөөлж байснаас огт өөрөөр эргэсэн гэсэн үг үү?


-Нэгдүгээр тойрогт Шведийн багийг манайхан ялчихаад байж байтал Украины баг ОХУ-ын багийг хожчихсон. Энэ нь бидэнд нэг боломж харагдуулсан. Тэгээд л ОХУ-ын багтай үзсэн дээ. 53 кг-д бид Сумъяаг хожно гэж бодсон. Гэтэл бараагүй. Тэгээд эхний хоёр жинг алдсан. Энэ бол ухралт болсон. Дараа нь бас Шоовдор өрсөлдөгчөө дийлээгүй. С.Батцэцэг, С.Цэрэнчимэд хоёр ялсан ч О.Насанбурмаа олимпийн аварга Воробьевийг бас дийлээгүй дээ. Ингээд бид аваргын боломжоо алдсан даа. Харин сүүлд нь АНУ-ын багийг тун түвэггүй хожиж хүрэл медаль хүртсэн. Японы дасгалжуулагч ярих нь манайх танайтай таарахад ялах магадлал тун бага байсан шүү гэж. Тэгээд дэлхийн найман хүчтэй багаас эхний гуравт багтана гэдэг том амжилт. Урьд нь хоёрт орж байсан. Энэ удаа түрүүлнэ гэсэн зорилготой байсан болоод сэтгэл жаахан дундуур ирлээ дээ.



-Та бүхний төсөөлж байснаас илүү ололт харагдсан уу?


-Украин, Швед, АНУ-ын багийг хожсоны зэрэгцээ цэвэр ялалт олонтойгоороо үнэлгээ өндөр байв. Даангүй АНУ-ын багаас цэвэр ялалт олон авсан. О.Насанбурмаа гэхэд урьд ялагдаж байсан бөхөө илт давуу ялсан. Гадаадын багш нар бидэнд “Танай бүсгүйчүүд тун сайхан уран барилдаж байна. Арай гэж ялах биш илт давамгай ялалт олон авлаа” гэж байлаа.



-Тэгвэл алдаа нь юу байв?


-Боломжоо алдаж гэх юмуу хүч хурдны хувьд дутаж хожигдоогүй мөртлөө сэтгэл зүйн ялагдал ажиглагдсан. Би энэ тамирчинд ялагдана гэж бодох ч юм уу. Зоригтой, тэмүүлэлтэй барилдаж чадаагүй тохиолдлууд байв.



-Зарим орныхон баг нь их олон хүнтэй байлаа. Гэтэл манайх ердөө жиндээ л тохирсон цөөн байх юм. Учир нь...?


-Уг нь 16 хүртэл тамирчин байж болох юм. Гэхдээ наймаас илүү тамирчин тутамд өдрийн 200 франк гэх юмуу мөнгө төлдөг. Тэр нь манайханд санхүү мөнгөний дарамт болж байсан. Нөгөө л ядуугийн зовлон шүү дээ.



-Манай өндөр зэрэглэлийн тамирчдын амжилт яагаад тогтвортой байж чаддаггүй юм бэ. Япон зэрэг оронд тийм тамирчдын амжилт баталгаажчихсан шиг байдаг юм билээ?


-Өндөр зэрэглэлтэй ухаандаа дэлхийн аварга тамирчин бэлтгэлийн ямар ч ачааллыг даах чадвартай. Хэнтэй ч барилдсан сэтгэл зүй нь тогтвортой байх учиртай. Бас өөртэй нь зэрэглэл адил тамирчин дор нь бэлтгэгдсэн, бэлтгэл хангагч нь олон ийм байвал амжилт нь тогтвортой байдаг. Харин бусадтай адил хөдөлмөрлөдөг л дөө тэд. Ялагдаж байгаа шалтгааныг судалбал өрсөлдөгчөө цэвэр дарах гэж хэт мэрийснээс сэтгэл зүй, хүч мэх хоёрын хооронд зай гарах явдал байна. Нөгөө талаар хүнд муу өдөр гэж бас байдаг. Ингээд бодохоор Японы Саори, Ичо нарт муу өдөр гэж байдаггүй юм болов уу гэж бодогддог тал бий.



-Манайхан нэг жинд нэг тамирчин л яваад байх юм. Дороос нь бэлтгэгдсэн тамирчин байдаггүй болоод тэр үү?


-Үнэнийг хэлэхэд манайхан маш цөөхүүл. Японд бол нэг жинд адил амжилттай хэдэн арван тамирчин байна. Гэтэл манайх ¹1 гэх тамирчинтайгаа өрсөлдөх тамирчин бэлтгэж чадахгүй л байгаа. Монголын хүн амын тоо хэд билээ. Тэр дотроос бөхөөр хичээллэдэг нь хэдэв гээд шалтгаан бий.



-Энэ чинь дасгалжуулагч багш нарын л ажлын алдаа биш үү?


-Шударгаар хэлэхэд тийм. Багш нарын ур чадварыг сайжруулах шаардлага бий. Үнэхээр сайн багш бол хоёр хүүхэд  байсан ч бөх болгоно, чадвар муутай багш 20 хүнээс ч нэг бөхгүй хоцорч мэднэ. Нөгөө талаар шигшээ багийн дасгалжуулагч бидэнд тэр өсвөр залуучуудтай ажиллах боломж, цаг зав байдаггүй. Үүрэг, хариуцлага маань шигшээгийн хэдтэйгээ ажиллаад таардаг.



-Та дасгалжуулагчдын, багш нарын бурууг л булзааруулах гээд байнаа даа?


-Яг үнэн нь тийм юм шүү дээ. Бид холбоондоо хэлдэг л дээ. Дасгалжуулагч нараа хөгжүүлье гэж. Тэгээд бүрэн хөгжсөн дасгалжуулагч нартаа өндөр үүрэг хариуцлага хүлээлгээд хангалттай цалин, урамшуулал өгч ажиллабал сайн тамирчин гаргаж чадна л даа.



-Чөлөөт бөхөд дээхнэ үед Оросын дасгалжуулагч ажилладаг байсан. Одоо гадаадын дасгалжуулагч авдаггүй юм уу?


-Гадаадаас дасгалжуулагч авахын сайн тал байлгүй яахав. Гэхдээ нэг дасгалжуулагч авчрахад сард 1500-2000 ам.долларын цалин өгөх болно. Өндөр зэрэглэлтэй дасгалжуулагч түүнээс ч өндөр цалин, хангамж нэхнэ. Үүнийг нь манайх дийлэхгүй. Түүний оронд өөрийн хэдэн дасгалжуулагч, багш нараа олигтойхон цалин өгөөд ажиллуулбал дээр байх. Бид чинь улсын шигшээгийнх л гэнэ. Тун бага цалинтай шүү дээ. Ойроор нь ОХУ-ын дасгалжуулагчдаас цалингийн нь асуухад бараг 10 мянган доллар авдаг гэх юм билээ. Биднээс та нар хэд авдаг вэ гэх вий гэж зовдог. Гэхдээ бид чинь энэ чөлөөт бөх гэдэг юманд амьдралаа зориулчихсан учир хэрээрээ л зүтгэдэг. Цалин хөлс бага гээд орхиод явах сэтгэл байдаггүй ээ.



-Өөрийн чинь хувьд эмэгтэй бөхчүүдтэй олон жил ажиллаж байгаа биз дээ?


-2000 оноос хойш 15 жил ажиллалаа. Энэ хэдэн хүүхнүүдтэйгээ амжилтыг нь ч, жаргал зовлонгийн нь хуваалцаж өдий хүрлээ. Дурсамж хэлэхэд эхэндээ охидыг спортыг нь хаяулахгүйн тулд гурван өрөө байраа зараад цалинжуулж, тэмцээнд оролцуулж тогтоож явсан үе бий. Тэгвэл өнөөдөр манай бүсгүйчүүд дэлхийд нэртэй явж байна. Энэ нь бидний хамтын амжилт л даа. Намайг шигшээд энэ олон жил болоход манайхан тив, дэлхийн тэмцээнээс 17 медаль авсан. Анхных нь Ц.Энхжаргал дэлхийн аваргаас хүрэл медаль авчирч байлаа. Тэгвэл О.Бурмаа, О.Насанбурмаа нар дэлхийн аваргаас гурвантаа медаль хүртээд байна. Үүнийг олон жилийн хөдөлмөрийн маань үр шим гэж боддог доо. Ингэхээр цалин хөлсөө нэмүүлье гэхийн оронд Монголын багийг дэлхийн аварга болгочих л бидний зорилго доо.



-Дэлхийн аваргад та олон удаа оролцсон уу?


-Сая тооцоход тамирчнаас О.Насанбурмаа, дасгалжуулагчаас би хамгийн олон оролцсон тоо гарч байна. Миний хувьд тамирчин байхдаа хоёр, дасгалжуулагчаар долоон удаа оролцож дээ.



Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Д.ЦЭРЭННАДМИД


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жүгдэр:
гурван өрөө байраа зарж тамирчиндаа зориулсан гэж худлаа хэлээд байх юм, илүү ашиг хонжоо мөнгөө өсгөх гэж байгаад хадгаламж зээлийн хоршоонд тавиад алдсаныг чинь тамирчид хүртэл мэднэ шүү
2015-03-19
амжилт:
хххх чи одоо юу гэж тэнэгтээд байгаа юм бэ, байгаа болоод амжилтад хүрээд байгаа юм бишүү.чадахгүй бол дуугүй л бай, энэ хүмүүсийн зүтгэлийг та 3 шиг юм үнэлэхгүй ч үгүй тив дэлхий үнэлж байхад та муу 3 ёстой лоолой байнаа хөөрхий ухаан муутай ч болдоо , амжилт бүсгүйчүүдээ.
2015-03-17
хххх:
чөлөөт одоо байхгүйштээ
2015-03-17
genuu:
avuuj baigaa asuultiig ni dee zailuul
2015-03-17
зочин:
манайхан чөлөөт бөхөд нэг их ач холбогдол өгөөд байх юм. уг нь үзэгчгүй сонирхолгүй гээд олимпоос хасагдах яриа байнга гарч байдаг, тэгээд олигтой өөрчлөлт шинэчлэлт ч хийгддэггүй дээсэн дөрөөн дээр л явдаг спорт ш дээ. удахгүй олимпийн төрөл байхаа болих ч байх, тэгэхээр дэмий юманд мөнгө үрж, энийг хөгжүүлэх гэх хэрэг байгаа юм уув
2015-03-17