
Цагдаагийн удирдлагуудад холбогдох долдугаар сарын 1-ний хэргийг нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлээд хоёр хонож байна.
Уг хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд сэргээн шалгаж дуусаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм. Уг хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг өмнө нь “Албан үүрэгтээ хайнга хандсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан, өршөөлд хамруулсан бол уг хэргийг сэргээн шалгаснаас хойш тэднийг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн юм.
Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтооогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх аж. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги юм байна.
Түүнчлэн уг хэрэгт хүний амь нас санаатай бүрэлгэсэн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдсан дөрвөн цагдаагийн ажилтны хэргийг түтгэлзүүлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Учир нь уг хэргийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш Улсын ерөнхий прокурорын даалгавраар сэргээн шалгаж эхэлснээс хойш Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүний амь насыг санаатай бүрэлгэсэн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт татагдсан Эргүүл хамгааллын газрын чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан дэслэгч Ч.Ганболдод нарын дөрвөн хүнд нийгмийн хэв журам зөрчин, олон нийтийн илт хүндэтгэхгүйгээр, үл ялих шалтгаалан урьд өмнө танихгүй, хувийн өш хонзонгүй хүнд болон бусад хүнд өөрийн хүч чадалтай, давуу гэдгээ харуулах гэж хүнийг санаатайгаар алсан гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэсэн шалгаж байгаад хяналтын шатанд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт нарын хавтаст хэргээс салгаж түтгэлзүүлсэн байна.
Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэх хавтаст хэрэгт зөвхөн цагдаагийн дээрх удирдлагуудад холбогдох хэргийг хэлэлцэх юм байна. Бас нэг эх сурвалжийн мэдээллээр байлдааны зориулалтай галт зэвсэг тарааж өгсөн гэх мэдүүлгийг 2008 онд Эргүүл хамгаалалтын газарт ажиллаж байсан нэг офицер, гурван албан хаагч прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд уг хэргийг шалгаж байх явцад өгсөн аж.
Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийг өмнө нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Харин 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь насаа алдсан дөрвөн залуугийн ар гэрийнхэн Ерөнхий прокурор Д.Дорлигжавт удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд сэргээн шалгахаар болсон юм. Уг хэргийн шүүх хурал энэ сардаа багтаж Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдоно. Олон нийтэд хүлээлт үүсгэсэн уг хэргийг шүүх хуралд галт суманд өртсөн дөрвөн хохирогчийг буудсан эздийг шүүх биш тэдний удирдлагуудын гэм бурууг хэлэлцэх шүүх хурал болох нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ