Чингисийн талбайд 100 хос вальс эргэнэ

-Маргааш Чингисийн талбайд “Венийн үдэш” цэнгүүнтэй-
Чингисийн талбайд маргааш алдарт Венийн вальсууд эгшиглэн 100 хос бүжинэ. Энэ бол "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй Улаанбаатар, Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болох "Венийн үдэш" цэнгүүн юм. Хоёр дахь жилдээ болох энэ арга хэмжээ маргааш 17.00 цагаас Чингисийн талбайд эхлэх юм.
"Венийн үдэш" цэнгүүнд И.Штраусын бүтээлүүдээс гадна “Уран хас”, “Дурлалын вальс”, “Миний Улаанбаатар” зэрэг Монголын сонгодог вальс хөгжим эгшиглэнэ. Монголын урлагийн шилдгүүд нэг дор цугларах уг цэнгүүний ерөнхий удирдаачаар Австри Улсын удирдаач Маттhias Fletzberger, Монгол Улсаас Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Бүтэнбаяр, Н.Туулайхүү, удирдаач Д.Нямдаш, Ч.Төмөрбат нар ажиллаж байна. Тоглолтын Ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж буй юм.
Вальс бүжгийн 100 хос бүжнэ
"Венийн үдэш" цэнгүүний талаар “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайханаас тодруулахад
“Энэхүү цэнгүүнийг Нийслэлийн соёл урлагийн газраас нийтэд нь зохион байгуулж байна. Цэнгүүнд ерөнхий удирдаачаар ажиллах Австри улсын иргэн Маттhias Fletzberger ажиллана. Мөн бүжгийн багш Heinz Heidenreich болон зургаан хөгжимчин манай улсад ирсэн байгаа. Тэднийг манай нийслэлийн удирдлагууд тус улсад айлчлах үедээ эх орондоо урьж, цэнгүүн зохион байгуулахад хамтарч ажиллахыг хүссэн байдаг. Уг цэнгүүнийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Цэнгүүнд нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр, вальс бүжгийн 100 хос оролцоно. Бүжгийн нэгдсэн бэлтгэлээ “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийж байна. Австриас ирсэн бүжгийн багш маань нэг бүжгийг өөрөө дэглэж тавьж байгаа. Мөн монголын шилмэл шилдэг вальсууд тоглогдоно. Азийн бусад улс орнуудыг бодвол манай улсын дуурь, балет, симфони оркестр маань их хөгжил сайтай шүү дээ. "Венийн үдэш" цэнгүүн нь тэдгээр сонгодог уран бүтээлчдийн маань ур чадварыг олон нийтэд харуулах, таниулах бас нэг үүрэгтэй. Австриас ирсэн хүмүүс манай оркестрыг магтаж байна.
120 хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр дуугарахаар шал өөр дуугаралт сонсогдож байна. Ямартаа ч, нийтийн бүжиг, вальс бүжиг сонирхогч олон зуун хүмүүсийг нэгтгэсэн энэхүү гайхамшигт үдэшт ирэхийг урьж байна” гэв.
Цэнгүүнд Австри Улсын Вена хотын албаны төлөөлөл болон удирдаач, бүжгийн багш, хөгжимчдөөс гадна УДБЭТ-ын болон Улсын филармоны симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын "Хангарьд" үндэсний найрал хөгжмийнхөн оролцож байгаа.
Мөн Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын үлээвэр хөгжмийн хамтлаг, ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Улаанбаатар бүжгийн спортын холбоо, Монголын нийтийн бүжгийн холбооны бүжигчид оролцож буйгаараа онцлогтой.
-Дэлхийн аль ч улсад байсан Венад байгаа мэт сэтгэгдэл төрдөг-
Ингээд тоглолтын бэлтгэлийн үеэр "Венийн үдэш" цэнгүүний ерөнхий удирдаач, Австри Улсын удирдаач Маттhias Fletzberger-тэй ярилцлаа.
-Тоглолтын бэлтгэлийн явц ямар байна. Нийслэлчүүдэд ямар бүтээлээр бэлэг барихаар зэхсэн бэ?
-Венийг вальс хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тиймээс “Венийн үдэш” тоглолтод тэдгээр сайхан хөгжим Венийн илэрхийлэн эгшиглэх болно. Би Венийн вальс хөгжмийг удирдан тоглуулахад дэлхийн аль ч улсад байсан Венад байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Хэдийгээр оркесторын хөгжмийн зэмсгүүдийн хувьд Венад тоглогдож байгаагаас өөр ч монголын хөгжимчдийн хөгжмийг мэдэрч байгаа байдал, ур чадвар өндөр учраас удирдан тоглуулахад амар байна. Монголд Австрийн хөгжим шинэ урсгал ч танай хөгжимчид ур чадвар сайтай үүнийг цаашид аваад явах бүрэн боломжтой нь илт харагдаж байна.
-Автсрийн хөгжимчдийн талаар сонирхуулахгүй юу?
-Австрид хөгжимчдийг багаас нь бэлтгэдэг. Тэгж байж хөгжимчид зүрх сэтгэлээрээ хөглөгдөн энэхүү гайхалтай Венийн вальсын аяуудыг эгшиглүүлдэг. Вена хот Улаанбаатар хотыг бодвол жаахан том байх. Тэнд 5 том оркестортой. Оркестр бүрт 120 гаруй хөгжимчин тоглодог. Түүнээс гадна 500 гаруй хөгжимчин эдгээр оркесторт орох гээд хүлээж байдаг. Мөн Вена хотод 3 жижиг оркест байдаг учраас хөгжимчдийн хувьд өрсөлдөөн ихтэй.
-Өмнө нь Монголд айлчилж байсан сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Өнгөрсөн жил Венийн үдэш тоглолтыг хийхээр Улаанбаатар хотын удирдлагуудтай холбогдон санал тавьсан. Бид зөвшөөрөх эсэхт нь эргэлзэж байсан ч маш богино хугацаанд зөвшөөрсөн хариуг хүлээн авч бүхнийг амжуулан хоёр хоног энэхүү тоглолтыг хийсэн байгаа.
Өнгөрсөн жил үзэгчид сэтгэл өндөр хүлээж авсан. Энэ жил түүнээс илүү сайхнаар хүлээн авна байх гэж бодож байна. Бид өмнө нь хамтарч ажиллаж байсан учраас Улаанбаатар хотын удирдлагууд болон бусад оролцогчид маань найрсаг эелдэг хүлээн авч хамтран ажиллаж байгаад баяртай байгаа.
-Та энэ жил хэчнээн улсад аялан Венийн хөгжмийг удирдан тоглуулж байна?
-2015 оны хувьд Монгол Улс миний аялан тоглож буй найм дахь орон болж байна. Дараа нь 10 улсад очиж тоглохоор ярьсан байгаа.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ