О.Цэнгэл: Хөлөө олсны дараа нөхөр, хүүхэдтэй болно

img

“Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Хамтран амьдрагч” зэрэг уран сайхны киногоороо олны танил болсон  жүжигчин О.Цэнгэлтэй ярилцлаа. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Эр хүн болгож өгөөч” уран сайхны киноны Нарангын дүрд тоглосон юм.

 

 

-Юуны өмнө шинэ уран бүтээлээ өлгийдөж авсанд баяр хүргье. “Эр хүн болгож өгөөч” уран сайхны кино таны хэддэх дэлгэцийн бүтээл вэ. Кинонд биеэ үнэлэгч бүсгүйн дүрийг бүтээсэн байна. Дүрийн судалгааг хэрхэн хийв?

 

-Баярлалаа. “Эр хүн болгож өгөөч” уран сайхны кино маань миний дэлгэцийн тав дахь уран бүтээл байлаа. Мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ. Өөрийнхөө чадлын хэрээр дүрээ гаргахыг хичээлээ. Өмнө нь тоглож байсан кинонууд маань ихэнхдээ сэргэлэн цовоо, сайхан сэтгэлтэй сайн талын дүрийг бүтээдэг байлаа. Харин энэ удаагийн дүр маань тэс ондоо, сонирхолтой дүр байгаа. Киног маань үзсэн хүмүүс дүрийн маань онцлогийг мэдэж буй байх. 

 

Мэдээж дэлгэцийн уран бүтээлд тоглохын тулд судалгаа сайн хийх шаардлагатай байдаг. Яагаад гэвэл би Наран хэмээх дүр шиг ээ байж үзээгүй, түүний амьдралаар амьдарч үзээгүй. Дүрдээ орохын тулд Наран бүсгүйн амьдралын зах зух, жаргал зовлонг өөрийн мэдрэх ёстой. Тэгж байж дүр маань төгс болно гэж бодсон. Дүрийн судалгаагаа хийхийн тулд нууцаар цэнгээний газрууд, шөнийн тайчдаг клубуудээр явж, ажиглалт хийсэн. Түүнээс гадна биеэ үнэлдэг, тайчдаг ганц хоёр бүсгүйтэй уулзаж, чин сэтгэлээсээ ярилцаж үзлээ.

 

 

-Биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг нийгмээс өмөөрөх сэтгэгдэл төрж байв уу?

 

-Байлгүй яахав. Эрэлт байгаа цагт нийлүүлэлт байдаг гэдэг зах зээлийн хууль тэнд үйлчилж байгаа юм шиг санагдсан. Тэдгээр бүсгүйчүүдийг ажиглаж байхад, зарим нь өвчтэй зовлонтой эцэг эх, нялх үрээ тэжээх гэж амьдралынхаа төлөө эмэгтэй хүний “нинжин” сэтгэл гарган биеэ худалдаж мөнгө олж байна. Ийм бүсгүйчүүдийг буруутгаж боломгүй санагдсан.

 

Харин зарим хэсэг нь сургалтын төлбөрөө олох гэж, хэн нэгнээс хувцас хунар, эд эдлэлээрээ дутахгүй гэсэн хор шартай зандаа хөтлөгдөн, хурдан аргаар их хэмжээний мөнгө олж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Энэ хүмүүсийг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй. Үүнийг дагаад охид маань хүний наймаанд өртөх асуудалд ордог юм шиг санагдсан.

 

-Биеэ үнэлэгчээс, айлын бэр болж буй Наран бүсгүйн дүр нийгэмд ямар сэдэл төрүүлэх зорилготой юм бэ?

 

-Ер нь бол би “муу хүн гэж байхгүй, муу үйлдэл хийдэг хүн гэж байдаг” гэж ойлгодог. Миний дүр яахав, биеэ үнэлэгч, тайчигч байсан байж болно. Хүн өнгөрсөнтэйгөө хэзээ ч амьдарч болохгүй, харин ирээдүйн сайн сайхантайгаа амьдарч болно гэдгийг хэлэхийг хичээсэн. Хүн бүрт сайхан ирээдүй бий шүү дээ. Энэ киноноос хүмүүс маань сайхан гэрэл гэгээ, сайхан ирэээдүйг олж хараасай гэж хэлэхийг хүссэн.

 

 

-Жүжигчин Мөнхтөртэй найман жилийн дараа дахин хосуудын дүр бүтээлээ. Сэтгэгдэл ямар байна?

 

-Сэтгэгдэл маш өндөр байгаа. Төрөө ах маань миний хамгийн анхны уран бүтээл болох “Сайн уу, амьдрал минь” кинонд хамтрагч болж байсан. Анхны зүйл бүхэн хүний сэтгэлд тод үлддэг шүү дээ. Тэр утгаараа Төрөө ахтайгаа дахин хамтарч тоглох юмсан гэсэн нууцхан хүсэл байсан. Уг хүслийг маань “Эр хүн болгож өгөөч” уран сайхны кино биелүүллээ. Энэ дашрамд, кино хамт олондоо баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.

 

"Сайн уу, амьдрал минь" киноны хэсгээс

-Та нэг хэсэг дэлгэцийн уран бүтээлээр олонд танигдаж байсан ч гэнэт нам гүм болчихлоо. Энэ хугацаанд хаагуур, ямар ажил амжуулав?

 

-Кинонд тоглоогүй таван жил орчим болж байгаад өнгөрсөн өвөл “Хамтран амьдрагч” кинонд тоглосон. Өнгөрсөн таван жилийн хугацаанд сурч боловсрох, хувийн амьдралдаа анхаарал хандууллаа. Нэг ёсондоо урлагийн биш, хувь хүнийхээ боловсрол мэдлэгийг дээшлүүлэх тал дээр анхаарсан. Мөн гэр бүл зохиож, айлын эзэгтэй болж, амьдралаа үргэлжлүүе гэсэн гэгээн сайхан бодлууд байсан.

 

 

-Гадаадад сургуульд сурсан гэж сонссон. Жүжигчнийхээ мэргэжлийг дээшлүүлэв үү, өөр чиглэлээр суралцав уу?

 

 -Жүжигчин гэдэг миний үндсэн мэргэжил биш л дээ. Би МУИС-ийн Утга зохиол судлаачийн ангийг төгссөн. Мэргэжил маань кино урлаг, уран сайхантай салшгүй холбоотой. Энэ талын бүх л зүйлийг судалдаг учраас жүжигчин болоход дөхөм байсан болов уу. Өнгөрсөн хугацаанд Сингапурт магистерт суралцсан. Түүний хажуугаар англи хэлний мэдлэгээ сайжруулахаар шамдан суралцлаа даа.

 

 

-Таны талаар зарим хэвлэлээр нэлээд сөрөг мэдээлэл явдаг. Олж уншсан байх?

 

-Уншаагүй ш дээ /инээв/.

 

 

-Хөтлөгч Тэнгистэй хамт амьдарч байгаад больсон. Хүүхэд нөхрөө хаяад явсан гэх мэт мэдээлэл байдаг. Энэ мэдээллүүдэд ямар тайлбар өгөх вэ?

 

-Би албан ёсоор мэдэгдье. Би хүүхэд төрүүлж үзээгүй. Гэр бүлийн асуудалд би ул суурьтай, буурьтай хандахыг хичээдэг. Гэр бүлийг насан туршдаа хамт амьдрах гэж үүсгэнэ. Түүнээс таарахгүй хүнтэйгээ сууж, хүүхэд өнчрүүлж салах хүн би биш. Миний эргэн тойронд ганц бие ээжүүд олон байна. Тэднийгээ харж байхад арай л эртэдсэн юм уу гэж боддог. Тиймээс ажил мэргэжлийн хувьд дөрөө олж, бие даах чадвартай болсны дараа гэр бүлээ зохиосон нь дээр юм байна гэдгийг ойлгосон.

 

Яахав саяхан би  өөрийн фэйсбүүк дээрээ өөрийнхөө хүүхэд тэвэрсэн зургаа тавиад “ээж боллоо” гэж бичсэн. Гэтэл хүмүүс маш эерэгээр хүлээж аваад, баяр хүргэж, залуу ээжид зориулсан зөвлөгөө, зөвлөмжийг чин сэтгэлээсээ хэлж байсан. Үнэндээ тэр зураг маань миний киноны дүр байсан гэдгийг танай сайтаар залруулж хэлмээр байна /инээв/. Надад ямар ч хүүхэд байхгүй.

 

- Хэзээ гэр бүл зохиох гэж байна. Төлөвлөсөн зүйл бий юу?

 

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд их л зүйлийг бодож тунгаалаа. Би одоо 25 настай. Өнгөрсөн хугацаанд алдаж, эндэж явсаар хайр сэтгэлийн асуудалд багагүй туршлагатай болсон гэж бодож байна.  

 

Эмэгтэй хүн ажил мэргэжил талаасаа сурч боловсорч, тодорхой хэмжээний дөртэй болох хэрэгтэй болов уу. “Би цаашид энэ чиглэлээр явбал илүү амжилт олох боломжтой юм байна” гэж өөрийгөө олсныхоо дараа гэр бүлтэй болох хэрэгтэй санагдсан. Ажил амьдралын хувьд хөлөө олсны дараа нөхөртэй болж хүүхэд төрүүлбэл илүү тогтвортой гэр бүлийг бий болгох байх.

 

-Таны хувьд залуу жүжигчидтэй хэр холбоотой, дотно нөхөрлөдөг вэ?

 

-Зарим  хүмүүс биднийг айхтар өрсөлддөг, бие биенийгээ үздэггүй, эсвэл сайн найзууд гээд л ярьдаг. Бие биенээ үзэн ядаад, байнга өрсөлдөгчийн нүдээр харна гэж юу байх вэ. Бүгдтэй нь сайн найзууд биш ч гэсэн бие биедээ урмын үг хэлээд, дэмждэг сайхан танилууд. Залуу жүжигчидтэйгээ тааралдвал мэнд мэдээд, амжилт  хүсээд өнгөрдөг.

 

-Жүжигчдээс хэнтэй нь дотно нөхөрлөдөг вэ?

 

-Жүжигчин Н.Мөнхсоёл, “Ийгл” телевизийн сэтгүүлч Билгүүн нартай дотны найзууд. Найзууд маань салбар салбартаа тэргүүлэгч учраас тэднээсээ өдөр бүр суралцаж, урам авч явдаг.

Uptown сэтгүүл 2008 он

-Сайхан эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлэх вэ?

 

-Гаднаасаа ч дотроосоо ч сайхан байхыг сайхан эмэгтэй гэнэ. Миний хувьд бусдад сайн үлгэр дууриалал үзүүлэх сайхан эмэгтэй байхыг эрмэлзэж байна даа.

 

-О.Цэнгэл маань гадаад дүр төрхөндөө өөрчлөлт хийж урт үсээ тайруулсан байна?

 

-Тийм ээ. Урин дулаан зун цаг болж байна. Үсэндээ дарагдаж, царай алдаад яахав гэж бодоод үсээ тайруулж, богино болгосон. Миний үс маш хурдан ургадаг учраас харамсаад байх зүйлгүй байгаа. Мөн урт үс намайг жаахан овортой харагдуулаад байдаг /инээв/.

 

 -Ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?

 

-Түүхэн дүр. Бас эсрэг дүрд тоглож үзмээр байна.

 

-Дараагийн уран бүтээлдээ хэзээнээс орох вэ?

 

-Зохиолтойгоо танилцаж байна. Уран бүтээл дээр ажиллахдаа эхлээд зохиолоо уншдаг. Дараа нь хамтран ажиллах баг хамт олноо хардаг. Яагаад гэвэл кино бол хамтын уран бүтээл шүү дээ.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

suvd:
chi uul ni gaigvi holtei l haragdaj bna shde ooroo heden holtei bolmoor bgan bol 2 oos ilvv hereggvi bha
2015-07-04
1000aa:
neere 1000bayart ilyy xul bga bx shyy.tendees xaival yasiin
2015-06-07
zochin:
Za tegeed xuluu xai xaij olood 1 xarsan chin nasaa aldsan bx yum bnalda.zaluu nas chin xul shig oldoxgyide
2015-06-07
sain ah ni:
meemee jaahan urgahiig hulee
2015-06-07
Зочин:
ene kino pretty woman tai tustei kino shig sanagdsan.
2015-06-06
Зочин:
Ах нь хөл хийж өгөх үү
2015-06-06
hi:
het oroitoh hereggui shuu. buh yum tegshirsenii daraa nohort garna gevel belen yumand durtai huntei taarna shuu. gehdee 30 hurtlee gantsaaraa yavahad yu n buruu bhav
2015-06-06
zaluu:
boloogui ee xox ni ch urgaagui baij yun nohort garah vee 30 hurch baij nohort gartsgaaaaa amidraliig tanij sur ehleed
2015-06-06
Хөөх:
Хөлөө яацын манай хулгайч нар нээрээ дэндүү шүү хүүхний хөл хүртэл зүгээр байлгахгүй туучих юм аа гол нь хэдэн хөлөө алдсын бол доо хурдан хөлөө олоорой л гэж хүсье даа
2015-06-05
yea:
hoorhon n l ohin baindag iynd n barij ideh geed dairaad baidag iymbdee. Amjilt husyee
2015-06-05
enkhuush_2006:
Sain jujigchin amjilt husie
2015-06-04
mmm:
Хөлөө буудалд алдсан гэсээн
2015-06-04
Зочин:
хөлөө алдчихаа юу.
2015-06-04
Nyamka:
Хөлөө хаана тасдуулсан юм?
2015-06-04