Buro 24/7 Монголд

Контемпорари гэдэг үгийг урлаг, амьдралын хэв маягт заримдаа орчуулахгүй байвал утга нь илүү тод гардаг. Тэгвэл контемпорари мэдээллийн вэбсайт гэвэл танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ. Монголоор орчин үеийн мэдээллийн цахим хуудас гэж хөрвүүлэх энэ үг бол buro247.com хуудасны гол илэрхийлэл болсон үг юм.
Дэлхий даяар өрнөж буй загвар, гоо сайхан, амьдралын хэв маяг, соёл урлаг, нийгмийн амьдралын хамгийн орчин үеийн шинэлэг мэдээг уншигчиддаа хүргэдэг олон улсын нэр хүндтэй цахим хуудас Монголд алдан ёсоор buro247.mn хаягаар нээлтээ хийх гэж байна.
Бюро бол амжилттай, нөлөө бүхий үзэл бодолтой хүмүүсийн тухай бичиж, уншигчидаа залуухан, чинээлэг, олон нийтээс арай урд алхдаг, нийгмийн тодорхойлогч нар байгаасай, болоосой гэсэн зорилгод нийтлэлийн бодлогоо зориулдаг цахим сэтгүүл юм.
Бюрогийн дэлгэцнээ гарч буй бүтээлч мэдээлэл нь Милан, Парисын загварын долоо хоногийн тайзан дээрээс шууд хамгийн түрүүнд нийтлэгдэж, нэр хүндтэй хүмүүсийн шинэ соргог мэдээг өөрөөс нь буюу баттай эх сурвалжаас авч дамжуулдагаараа онцлогтой.
ОХУ, Украйн, Австрали, Сингапур, Ойрхи Дорнод, Азербайджан, Казахстан, Хорват, Малайз зэрэг орнуудад салбартай Бюро цахим хуудсыг сард 10 сая гаруй үзэгч, уншигч тогтмол хэрэглэж байна.
Аливаа бүтээлч анхдагчид, маргаашийн өнгө төрхийг тодорхойлогчдын болон тоглоомын дүрэм өөрчлөгч, загварын хэв маяг тогтоогчдын тухай мэдээлэл нь зөвхөн англи хэлээр хязгаарлагддаггүй онцлогтойг нь дуулгахад таатай байна. Та хүсвэл оросоор эсвэл монгол хэлээр ч Бюрогийн үнэ цэнэтэй мэдээллийг унших боломжтой.
Үнэ цэнэтэй мэдээлэл гэдэг бол явган хов жив, хэн нэгнийг өөнтөглөсөн шүүмж бичдэггүй, тодорхой хэмжээгээр цаг хугацаанд тэсвэртэй байх ёс зүйн үнэлэмжээр бүтээгдсэн мэдээллийг хэлж буй хэрэг. Тийм ч учраас шар мэдээний баатруудын паянгийн талаар бичдэггүй. Өөр бичихгүй байх зүйлс олон ч гэлээ хорвоод шинэлэг, гэгээлэг, урамтай, ухаалаг зүйлс бүр дэндүү олон бий. Тэгэхээр уншигч таны оюуны харааг элдэв сөрөг, яль шалихгүй мэдээллээр чилээхгүй цэмцгэр талбар хүлээж байгаа гэсэн үг.
Бюро монголд албан ёсоор нээгдэх гэж байна. Энэ нь бидэнд ямар ач холбогдолтой вэ. Шинэ нийгмийг бүтээгчдийн төлөөлөл болсон монголын залуу үе цоо шинэ баталгаат мэдээллийн эх сурвалжаас, ямар нэгэн оюуны өмчийн зөрчилгүй мэдээллийг хүлээж авах болно. Дэлхийн есөн оронд үйл ажиллагаа явуулж буй Бюрогийн салбарууд зөвхөн монголчуудад зориулсан онцгой мэдээллээ хуваалцана. Мөн эсрэгээрээ бид өөрсдийнхөө урлаг соёл, загвар, амьдралын хэв маяг, аялал жуулчлалын онцгой өвөрмөц чанараа дэлхийд дэлгэн сурталчлах шинэ суваг үүсэх юм. Дэлхийг хавтгайлагч хүчин зүйлс болох интернэт, ухаалаг төхөөрөмжүүд нэгэнт бидний өдөр тутмын хэрэглээ болсон учраас энэ бүхнийгээ ашиглаж, дараагийн шатанд өөрсдийгөө бусдад илэрхийлэх, эерэг, найрсаг сэтгэгдэл төрүүлэх, оюуны үнэ цэнээр хөгжлийн тавцан руу алхах гээд олон боломжууд бидний өмнө нээгдэж байна.
Эх сурвалж: www.news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ