Морин хуурын аялгуунд балет бүжнэ

img

 

“Welcome to Mongolia - 2015” олон улсын балетын наадамд оролцогчид

 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадмыг 2 дахь жилдээ энэ сарын 18, 19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан МУГЖ Д.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

Монгол Улсыг олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго бүхий “Welcome to Mongolia - 2015” олон улсын балетын наадамд АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчид оролцох бөгөөд Монгол Улсад тоглосныхоо дараа Япон Улсад тоглох юм.


Уг наадамд дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэх юм байна.  

 

 

МУГЖ Д.Алтанхуягтай цөөн хором ярилцлаа.

-Тоглолтоо яагаад  “Welcome to Mongolia-2015” гэж нэрлэсэн юм бэ?

 

-Нэрний маань учир утга  "Монголд тавтай морил" гэсэн байгаа. Энэ нэрийг би Берлинд болсон аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр олж авсан л даа. “Welcome to Mongolia" олон улсын наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн наадамд дан балетчид биш, бүжиг дэглээчид оролцож буйгаараа онцлогтой байгаа. 

 

-Хэдэн орны хичнээн уран бүтээлчид оролцох вэ?

 

- “Welcome to Mongolia” энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно. АНУ, Куба, Испани, Япон, Казахстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчид урилгаар оролцож байгаа. Би саяхан балетын ертөнцөд гардаг сэтгүүлд ярилцлага өгсөн. Энэ ярилцлагандаа дараа дараагийн  “Welcome to Mongolia” наадамд балетчдыг би урихгүйгээр, тэд өөрсдийн хүсэлтээр Монголыг зорьж ирж, энэхүү наадамд оролцох болсныг хэлсэн. 

 

-“Welcome to Mongolia-2015” тоглолтонд ямар ямар гэнэтийн бэлэг байх вэ?

 

-Тоглолт сонирхолтой болно гэдэгт итгэж байгаа. Тухайлбал, олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс тоглоно. Мөн дэлхийд данстай балетчин, Тайваний бүжиг дэглээч Фан И тоглолд маань зориулж, морин хуурийн эгшигт тавьсан бүжгээ хамтран бүжиглэнэ. 

 

-Яагаад морин хууртай бүжиглүүлэхээр болсон юм бэ?

-Фан И маань өөрөө нэг ая сонгосон байсан л даа. Харин миний хувьд өөр бодолтой байсан. Аав маань Ховд аймгийн хөгжимт драмын театрт биелгээ хийдэг байсан. Би ч бас багадаа биелгээ хийдэг байсан  учраас ардын урлагаа тоглолтод оруулбал сонин гэж бодсон. Тэгээд ҮДБЭЧ-ын морин хуурчийг Фан И-тэй уулзуулж, тоглосон. Фан И маань их сайхан хүлээж авсан" гэв.

 

Би зөвхөн шилдгүүдтэй ажилдаг

 

Морин хууртай бүжиглэх гэж буй балетчин, бүжиг дэглээч Фан И-тэй ярилцлаа.

Тэрбээр Тайван улсад төрж, өссөн ба Латвийн “Шилдэг бүжигчин” ба “Бүжигчид” компанийг үндэслэн байгуулагч юм. Тэрээр 2005 онд Тайванийн Ерөнхийлөгчийн “Алмас эрдэнийн бүлгэмийн хүндэт тууз”, 2007 онд Тайванийн Үндэсний урлагийн шагнал, 2008 онд “Балетанз” сэтгүүлийн “Шилдэг эмэгтэй бүжигчин” шагнал, Барышниковын Урлагийн төвийн албан ёсны бүжигчин болсон анхны Ази гаралтай эмэгтэй болсон юм. 

 

- Та манай улсад анх удаагаа тоглох гэж байгаа гэж сонссон. Монголд ирсэн сэтгэгдэлээ хуваалцаач?

-Би анх удаа Монголд ирж байна. Өмнө нь Өвөр Монголд  очиж байсан. Би ирээд л морь унан гэрт зочлох байх гэж төсөөлж байсан. /инээв/ Түүнээс өөр мэдээлэл байгаагүй. Гэхдээ улсын нийслэл гэдэг утгаараа бүтээн байгуулалт барилгууд байгаа л гэж төсөөлж байлаа. Харин ирээд харахад миний санаж байснаас илүү хөгжилтэй юм байна. 

 

-Д.Алтанхуяг Монгол ирэх санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ. Ер нь таныг Монгол руу юу хөтлөв?

 

-Миний хувьд монголд ирэх хамгийн том шалтгаан бол Алтанхуяг байсан. Тэрээр маш авьяаслаг уран бүтээлч. Түүнтэй энэ удаад хамтран бүжиглэх гэж байгаадаа баяртай байгаа. Бас бидний хувьд ижил төстэй олон чанарууд байдаг. Уран бүтээлийн хувьд ч төстэй зүйл их. Мөн гаднын чадалтай, шинэ соргог бүжигчдийг өөрийнхөө эх оронд авчирч, тэднийг өөр өнцгөөс нь харуулан нутаг нэгтнүүдтэйгээ уран бүтээлээс нь хуваалцаж байна гэдгээрээ бид адилхан санагдсан.

 

-Д.Алтанхуягтай анх удаа хамтран морин хуурын ая дээр модерн бүжиг бүжиглэх гэж байгаа гэсэн. Бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу?

 

-Бид энэ удаагийн гала тоглолтод зориулан цоо шинэ бүтээлийг орчин үеийн урлагийн төрлөөр хамтдаа гарган тавьж байгаа. Энэхүү бүтээлийн маань анхны үзэгчид нь монголчууд байх болно. 

 

-Ямар хугацаанд энэ бүтээлээ гаргасан бэ?

 

-Маш хурдтайгаар буюу бид 3 хоногт л энэ бүтээлээ тавьсан. Хэрвээ чи маш сайн хослон бүжигчээ олж чадсан бол шинэ уран бүтээл маш богино хугацаанд босдог. Түүний төлөө чи их цаг зарцуулах хэрэггүй. Хурдтай гарлаа гээд чанаргүй байна гэж ойлгож болохгүй. Хэн хэнд маань олон жилийн туршлага байгаа учраас бид анх удаа хослон бүжиглэж байгаа ч ямар ч бэрхшээл байгаагүй. Дээрээс нь Алтанхуяг сонгодог балетчин боловч орчин үеийн бүжгийн төрөлд илүү давамгай юм болов уу гэж харсан. Мөн тэрээр орчин үеийн бүжгийн төрөлд Монголын гэсэн өнгө аясыг харуулдгаараа илүү.

 

-Хэзээнээс балетын урлагтай амьдралаа холбосон бэ?

-Би бүжгийн урлагт маш хожуу хөл тавьсан. 19 нас хүртлээ бүжигт дурлана чинээ бодоогүй явсан. Тэгээд л би 19 настайгаасаа бүжгийн урлагт шунан дурлаж бүхнээ дайчлан хөдөлмөрлөн  5 жилийн дараа гэхэд би Нью-Йоркт мэргэжлийн бүжигчин болсон. 1995 онд Нью-Йоркийн хамгийн том Марта Грэмийн бүжгийн компанид орж ажилласан. Би анх Нью-Йоркт очихдоо англиар нэг ч үг мэддэггүй байсан. Гэхдээ би зөвхөн шилдэг нь л байхын төлөө зүтгэсэн. Би 2010 оноос хойш хамгийн шилдэг гэсэн хүмүүстэй хамтран ажиллаж байгаа. Би зөвхөн шилдгүүдтэй хамтран ажилладаг. 

 

 

 

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
19 nd uzej amjihgui bolson tul hos bilet zarya 40-r, utas 9998 130doloo
2015-06-18
Зочин:
erdenechimeg gishuun ee neg yum oilgo ta ene talaar yuchig oilgohgui tomcnuudiin gar hul bolood bvn aa gangiin nuurs ctantsiin nuurs chini shal ondoo ter araliin oron tsumiin stantsaasaa tatagalzaad manai 5 tolgoin nuursiig avchih geed baigaa yum ineedem haniadmiin yum yarij uuriiguu buu evgui baidald oruul bai taniig songoson hun bn taniig medlegiin huvid deerdeh bh l gej naidaj bid songoson ta hetsuu bn dahin manai duureg ner devshuulah enter yumhiih geed baival ontsgui dee duu mini sainiig husegsn
2015-06-17
Bayar khurgie!:
Би зөвхөн шилдгүүдтэй хамтран ажилладаг. Iim mundag helj yarij baigaa hun manai ulsad ireed togloj baina. Altankhuyagt bayarlalaa, Ulam ih amjilt!
2015-06-17