О.Содбилэгийн гэргий Монгол дээлээр үзэсгэлэн гаргана

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туул Монгол дээлээр үзэсгэлэн гаргахаар болжээ. Тэрбээр загвар зохион бүтээгч мэргэжилтэй юм. Иймд өөрийн найз загвар зохион бүтээгч Б.Ууганцэцэгтэй хамтран үндэсний их баяр наадамд зориулсан коллекци бэлэн болж, үзэсгэлэн хэлбэрээр олон нийтийн хүртээл болгох аж.
Харин дизайнер Б.Ууганцэцэгийн хувьд “Хайрын хурим” салоныг амжилттай ажиллуулж яваа чадварлаг дизайнеруудын нэг юм. Тэд баяр наадамд зориулсан коллекцидоо хатадын зураг зурдаг цөөхөн зураачдын нэг Д.Наранцэцэгийн бүтээлээс албан ёсны эрхтэйгээр ашиглан, торгон хэвлэлттэй материалаар урлаж байгаа гэнэ.
Материалын хувьд дахин давтагдашгүй, шинэлэг, торгон, олон хуниас бүхий байхаас гадна зуны улиралд тохирсон нимгэн, хөнгөн байдлыг чухалчилжээ. Ингэснээр монгол зураг, монгол соёл, монгол урлагийг дэмжигч “Хайрын хурим” салоны Үндэсний их баяр наадамд зориулсан коллекц нь эртний хатадын эрхэмсэг байдлыг тодотгосон, орчин үеийн хэв маягийг хослуулсан байх нь.
Уг салон шинэ коллекцоо үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын 25-28-нд дөрвөн өдрийн турш өөрийн байран дээрээ олон нийтэд дэлгэн үзүүлэх гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ