Наадмаар гадаадын хамтлаг, дуучин ирэхгүй

img

 

Сүүлийн үед Үндэсний их баяр наадмын үеэр гадаад дуучин ирнэ, наадмыг Солонгос найруулагч найруулна гэсэн шуум дэгдээд байгаа. Тэгвэл шадар сайд болон баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, энэ жил гадаадын хамтлаг, дуучдыг урихгүй байхаар болжээ.

 

Энэ талаар Соёл урлагийн салбар хорооны дарга БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатараас тодрууллаа.


-Наадмаар гадны хамтлаг дуучинг урихгүй болсон гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөөч?

 

-Бэлтгэл ажлыг хангах хүрээнд гадаадын хамтлаг, дуучдыг урих тухай яригдаж байсан. Гэхдээ энэ жилийн хувьд уг асуудлыг хойшлууллаа. Нээлтийн арга хэмжээний онцлогийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Нээлтийн ёслолд 4000-5000 хүн оролцуулахаар бэлтгэл хийж байна.

Гадаадын хамтлаг дуучин ирэхгүй учир  долдугаар сарын 14-ний өдөр төлөвлөсөн энэ арга хэмжээ өөрчлөгдсөн байгаа.  Уг нь Үндэсний их баяр наадмаараа гадаадын зочид төлөөлөгчдөд бид Монгол орноо сурталчлах ёстой. Гадаадын хамтлаг, дуучнаар наадмаа чимэх ёсгүй гэсэн байр суурь барьж ажиллахаар боллоо.



-Солонгосоос зөвлөх ирж наадмын арга хэмжээг зохион байгуулж буй мэт мэдээлэл гадуур цацагдсан байна? 


-Салбар хорооны хурлаар яригдсан нэг асуудал нь энэ. Бид ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ-д санал тавьсан. Үүний дагуу БНСУ-аас нэг найруулагч ирж, долоо хоног ажиллаад буцсан. Цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд шинэ техник, технологи ашиглаж, бөмбөрчдийн тоглолтыг зохион байгуулахад энэ хүнээс зөвлөгөө авсан.

Солонгос бол олимпийн наадам, дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эх орондоо зохион байгуулсан улс. Энэ үеэр бөмбөрчдийн хамгийн сүүлийн үеийн тоглолт зохион байгуулсан туршлагатай. Тэр тоглолтын манайд зөвлөхөөр ирсэн хүн зохион байгуулж байсан хүн юм билээ. Түүнээс наадмын соёл урлагийн арга хэмжээ тус бүрийг монгол найруулагч нар хариуцан ажиллаж байгаа.
 

-Нээлтийн арга хэмжээнд хэдий хэмжээний төсөв зарцуулах вэ? 

-Өмнө нь 2-3-хан арга хэмжээнд 300-400 сая төгрөг төсөвлөдөг байсан. Энэ жил соёл урлагийн 16 арга хэмжээнд 1 тэрбум орчим төгрөг төсөвлөгдсөн.


 Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ганц олигтой оо -гүй газрыг тоож ирлээ юу
2015-06-25