Д.Намсрайноров нүнжигээ харуулж, бэл бэнчингээ гайхуулав

Өтгөн хар хөмсгөөрөө брэндээ хийсэн дуучин Д.Намсрайноровыг менежмент сайтай дуучин юм гэж сонсогч фэнүүд нь үнэлээд байгаа.
Тэрбээр сүүлийн үед сонсогчдын “сэрлийг хөдөлгөсөн” уран бүтээлүүд хийх болсон бөгөөд хамгийн сүүлд эротик үгтэй “Сарны саруултайд” гэдэг дуугаа дүрсжүүлэхээр нэгэн уралдаан зарлаад байсан юм.
Тэгвэл уг уралдааны ялагчийг өнгөрсөн амралтын өдөр “Нарны орон” жуулчны баазад тодрууллаа. Учир нь эрхэм дуучин маань тус уралдаанд оролцогчид болон өөрийн үнэнч сонсогч фенүүдээ гэр бүлтэй нь аялалд урьж, “Нарны орон” амралтын газарт хамтдаа нэг өдрийг өнгөрүүлсэн юм.
Энэ үеэр аялагчид Д.Намсрайноровтой дурсгалын зургаа татуулж, уран бүтээл болон хувийн амьдрал, үзэл бодлынх нь талаар чөлөөт ярилцлага өрнүүлж, тоглож наадан нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.
Уралдааны шалгаруулалт “Дөмөн” уртын дуугаар эхэлсэн юм.
Түүний дараа дуучин Д.Намсрайноров “Гэр бүл, найз нөхдөөрөө миний урилгыг хүлээн авч, “Үүлэн хээтэй орчлон”-гийн дор "Нарны орон" жуулчны баазад “Сарны сартуултайд” амжуулаад уралдааны шалгаруулалтыг үнэн зөв, шударга шүүхээр ирсэн “Гранд” хүмүүстэй баярлалаа. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд маань ирж амжаагүй ч гэсэн ирэхийг хүссэн хүн бүрт чин сэтгэлээсээ баярлалаа. Бид энэ үйл ажиллагааг хийх гэж нэг сарын турш зүтгэсэн. Уралдааны шалгаруулалт маань 100 гаруй бүтээл ирсэн. Түүнээс цахим ертөнцөд шилдэг хэмээн дүгнэгдэн, шигшигдсэн шилдэг 32 бүтээлийг та бүхэндээ сонирхуулах гэж байна. Миний хувьд эдгээр бүтээлийн заримыг нь үзэж, амжаагүй байгаа. Одоо та бүхэнтэй хамт сууж үзэх гэж байна. Сэтгэл догдолж байна” гэв.
“Сарны саруултайд” дууны клипны уралдаанд 100 гаруй бүтээл ирснээс хамгийн их лайк, шэйр цуглуулсан шилдэг 32 бүтээлийг энэ өдөр сонсогч, үзэгч нарт сонирхуулсан юм. Мэргэжлийн хүмүүсийн зүгээс уралдаанд оролцож буй бүтээлд өөрийн ур чадвар, сэтгэл зүрхээрээ хийсэн байхаас гадна уран сайхны уран найруулгыг шингээсэн байх шаардлагуудыг тавиад байсан юм.
Тэднээс шилдэг 10 бүтээлийг мэргэжлийн хүмүүс шалгаруулж, тэргүүн, дэд, гуравдугаар байруудыг шалгарууллаа.
Нэгдүгээр байранд Өвөрхангай аймгийн оролцогчид шалгарч, хурдан удмын халтар үрээгээр байлуулсан юм. Мөн дэд байранд орсон оролцогч нарт сая төгрөгийн шагнал гардуулсан бол гуравдугаар байрт шалгарсан оролцогчид шар халзан зүстэй хундан цагаан хониор тус тус шагналаа.
Өөрийнхөө бүтээлийг түрүүлнэ гэж бодсонгүй
Уралдааны тэргүүн байранд орсон оролцогч Д.Ганбаатараас сэтгэгдлийг нь сонслоо.
-Юуны өмнө танд тэргүүн байр эзэлж, хурдан удмын үргээгээр шагнуулсанд баяр хүргье.
-Баярлалаа. Би Өвөрхангай аймгаас Д.Намсрайноровын “Сарны саруултайд” клипны уралдаанд оролцлоо. Түрүүлсэндээ сэтгэл их өндөр байна. Өөрийнхөө бүтээлийг уг уралдаанд түрүүлнэ гэж бодоогүй /инээв/.
-Клипыг хэр хугацаанд хийсэн бэ?
-Уралдааны зарыг энэ сарын 24-нд дуулаад, 25-нд хийж дуусгасан байгаа. Зарим хүмүүс уг клипыг +18 гэж тодотгоод байх шиг байна. Гэхдээ анх хийсэн санаа маань огт тийм байгаагүй. Дуусгаад хүмүүст үзүүлсэн чинь тэгж хэлээд байна /инээв/.
-Шагналд авсан адуугаа хэзээ авч явах вэ?
-Уралдаанд түрүүлнэ гэж бодоогүй учраас ямар ч бэлтгэлгүй ирсэн. Одоо авчихсан юм чинь, маргааш нөгөөдрөөс унаа унаш бодож, ачаад явна даа /инээв/.
Ямартаа ч, дуучин Д.Намсрайноров шинэхэн дуундаа шинэ клиптэй болж, хэлсэн амандаа бай шагналаа өглөө.
Мөн уралдаанд оролцсон бүх хүнд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” роман, өөрийн “Сэвлэг шиг бүүвэй шиг” цомгоороо гарыг нь цайлгасан юм.
"Сарны саруултайд" уралдааны тэргүүн байранд орсон клип
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ