Г.Ариунбаатар урлагийн олимпид оролцож байна

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд манай улсаас Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, н.Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролцсон юм.
Тэгвэл МУГЖ дуучин Г.Ариунбаатар тус тэмцээний сүүлийн шатанд үлдсэн тухай дэлхийн томоохон хэвлэлүүд бичиж байна. Иймд түүнтэй цахимаар холбогдож, дараах тодруулгыг авсан юм.
Тэрбээр "Дэлхийн дуурийн олимп хэмээн нэрлэгддэг Чайковскийн нэрэмжит уралдаанд оролцож байгаадаа баяртай байна. Дэлхийн 39 орны 500 гаруй авьяастан оролцсоноос дөрвөн шатны шалгаруулалтаар шилдэгт одоогийн байдлаар Монгол, Орос, Хятад, Солонгосын дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй дуучин тунаж үлдээд байна. Дөрвөн үе шаттай болж буй тэмцээний ялагч гала тоглолтын үеэр тодорно. Уламжлал ёсоор олон улсын уралдаан Гала- концертоор өндөрлөдөг. ОХУ-ын Санкт –Петербург хотын цагаар маргааш орой 19.00 цагт гуравдугаар шатны шалгаруулалт эхэлнэ. Өрсөлдөөн маш хүчтэй байна. Маргааш болох шалгаруулалтад "Трубадур" дуурийн Ди лунагын ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг дуулна" гэв.
Дашрамд дуулгахад, уг тэмцээнд дэлхийд нэрээ гаргасан том том дуучид оролцож байгаа юм байна. Тухайлбал, Доминогийн нэрэмжит тэмцээний тэргүүн байрын шагналт Ли Ао оролцож байгаа аж. Дөрвөн жил тутамд нэг удаа болдог энэ тэмцээн дэлхийн хамгийн том уралдаан юм. Уг тэмцээн хөгжмийн урлагийн дөрвөн төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд урлагийн олимп гэж нэрлэгддэг.
Ямартаа ч, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж яваа авъяаслаг дуучиндаа амжилт хүсье.
Сонирхуулахад, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гала тоглолтоос шилдгийн шилдэг гурван оролцогчийг тодруулах юм.
Уралдааны тэргүүн байрт гран-при цом, 100 мянган доллар, нэгдүгээр байрт 30 мянган доллар, хоёрдугаар байрт 25 мянган доллар, гуравдугаар байрт 20 мянган доллароор тус тус шагнах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ