Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарт ”Хөдөлмөрийн баатар” өгөх үү

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр Ерөнхийлөгчид тодорхойлолт илгээжээ. Тэрбээр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох хүсэлт гаргасан байна.
Гоцлол дуучин Э.Амартүвшин нь 2011 онд ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр, 2011 онд Испани улсад зохиогдсон Франческа Виниасын нэрэмжилт олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, 2012 онд БНХАУ-д зохиогдсон Плачидо Доминогийн “Operalla” дэлхийн дуурийн уралдааны тэргүүн байрыг эзэлж байсан, мэргэжлийн өндөр төвшний, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дуучин юм. Мөн тэрбээр 2014-2015 онд Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the World” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж, эх орныхоо нэрийг гаргасан юм.
Харин дуучин Г.Ариунбаатар саяхан ОХУ-д зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, “гран при” шагналын эзнээр тодорсон билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэднийг наадмын нээлтэд харахыг хүсч буйгаа твиттер хуудсаараа дамжуулан хэлээд буй. Харин эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж буй дуучдад ”Хөдөлмөрийн баатар” олгох болов уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ