“Учиртай гурван толгой”-н 2415 дахь тоглолт Чингисийн талбайд боллоо

Үндэсний баяр наадамд зориулсан соёл урлагийн арга хэмжээний онцлох бөгөөд томоохон нь Чингисийн талбай тоглогдсон Д.Нацагдоржийн зохиол “Учиртай гурван толгой” дуурь байв. Үндэсний ууган, сонгодог энэхүү бүтээлийг анх удаа задгай талбайд тоглолоо. Нээлтийн арга хэмжээнд НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, УДБЭТ-ийн Ерөнхий захирал Ч.Мөнхзул нар оролцов.
Тоглолтыг нээж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл үг хэлэв. Тэрбээр “нийслэл хотоо Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын зангилаа, Монгол туургатны соёлын аялал жуулчлалын төв, соёлын олон талт үйлчилгээ бүхий хот болгон хөгжүүлэх зорилгоор Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд анх удаа Монголын ууган дуурь “Учиртай гурван толгой” бүтээлийг их ”хотынхоо төв талбайд тоглон, их баяр наадмын өмнө үзэгч танаа өргөн барьж байна. Хагас зууны тэртээгээс Монгол Улсад бүтээн босгосон сонгодог урлагт энэ цагийн залуу үе төрж, хоолойн цараа, авьяас чадлаараа дэлхийд энтэй болохоо баталж байгааг бахархан, энэ гайхамшигт бүтээлдээ шилдэг залуу уран бүтээлчдээ тоглуулж байгаа билээ. Найрсаг Улаанбаатар танд үндэсний сонгодог урлагаа дээжлэн барьж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж байхын ерөөлийг өргөн дэвшүүлж байна” хэмээв.
Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байна. Тус дуурийг анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь удаагаа үзэгч түмэнд хүргэсэн нь энэ.
Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад: СТА Ш.Наранчимэг, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд: СТА Ж.Бямбажав нар тоглож, симфони найрал хөгжмийг МУГЗ Ж.Бүрэнбэх удирдав.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ