Дуучин A cool урлагийн академи нээнэ

Дуучин A cool өнгөрсөн хавар өөрийнхөө төрсөн өдрөөр бие даасан гурав дахь тоглолтоо сүр дуулиантайгаар хийсэн. Тэгвэл тэрбээр урлагийн сургууль байгуулжээ. Энэ талаар дуучин A cool буюу Б.Анхбаяраас тодрууллаа.
-Юуны өмнө Монголын урлагийн академи байгуулж байгаад баяр хүргье. Академи хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхлэх вэ?
-Баярлалаа. Танай сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргье. Тиймээ. Бид Монголын урлагийн академи гэж шинэ сургууль байгуулж байна. Академийн маань нээлт ирэх наймдугаар сарын 10-нд болно. Хүмүүс их баяртай хүлээж авч байгаа.
-Энэ академи залууст урлагийн ямар боловсролыг олгох вэ?
-Монголын урлагт хөл тавих сонирхолтой, авъяаслаг залууст хип хоп реппер болон бусад урсгалын талаарх мэдээлэл, мэдлэг боловсролыг олгоно. Урлагт хайртай хүн бүрт зориулж ардын язгуур урлаг болох хөөмий, морин хуурын сургалтыг явуулахаар болсон. Мөн чөлөөт бүжиг, мake up artist буюу нүүр будагч, хөтлөгч сэтгүүлч, жүжигчин зэрэг ангиуддаа элсэлт авч байна. Манай сургалтын давуу тал гэвэл практик. Бүх хичээл практик дээр явагдана.
Манай академийн зүгээс видео дуу бичлэгийн студи, бүжгийн заал бусад тоног төхөөрөмжийг бэлтгэж байна. Мөн зарим тоног төхөөрөмжүүд маань гаднаас ирж байгаа. Ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдаж байна.
-Ямар багш нар хичээл заах вэ. Гадаадаас урлагийн өндөр боловсролтой мэргэжлийн багш нар урьж авчирч байгаа гэж сонссон.
-Тиймээ. Америк, Их Британ, Хятад, Япон, Солонгос зэрэг орноос мэргэжлийн багш нар урьж авчирч байгаа. Мөн мэргэжлийн залуу үеийн төлөөлөл, олны танил хүмүүс хичээл заах болно. Манай академийн зөвлөх багшаар монголын урлаг соёлын салбарт нэрээ мандуулсан, алтан үеийн мастерууд ажиллахаар болсон гэдгийг албан ёсоор мэдэгдье.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ