Ан Сан Су Чигийн дүрийг бүтээсэндээ баярладаг

Хятадын нэрт жүжигчин Мишель Йеогийн “ELLE”сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр “Гейшагийн домог”, “Мумми”, “Жеймс Бонд 007”, Мьянмарын ардчилсан хөдөлгөөний удирдагч Ан Сан Су Чигийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Хатагтай” гэх мэт олон киноны гол болон туслах дүрийг бүтээсэн юм. Мишель холливуудад хүлээн зөвшөөрөгдсөн хятадын цөөхөн уран бүтээлчийн нэг билээ.
-Та нэгэн ярицлагынхаа үеэр “Зодооны урлаг миний амьдралыг өөрчилсөн” гэсэн. Хэдэн жил зодооны урлагаар хичээллэж байна?
-11 настайгаасаа зодооны урлагаар хичээллэж байна. Миний аав зодооны урлагаар олон жил хичээллэсэн. Тиймээс энэ эрдмийг зааж өгсөн. Зодооны урлагаар уйгагүй хичээллэсний үр дүнд би мөрөөдлөө биелүүлсэн.
-Тэгэхээр 40 гаруй жил зодооны урлагаар хичээллэсэн байх нээ. Ер нь эмэгтэй хүн зодооны урлагаар хичээллэх хэцүү байдаг уу?
-Би багаасаа зодооны урлагаар хичээллэсэн. 2000 оныг хүртэл өдөр бүр 8-10 цаг шинэ хөдөлгөөн эсвэл хуучин хөдөлгөөнөө давтах, бие сэтгэлээ нэг зүйлд төвлөрүүлэхэд зарцуулдаг байсан. Харин 2000 оноос миний уран бүтээлийн карьер эхэлсэн гэхэд болно. Илүү олон цагийг зураг авалтын талбайд өнгөрүүлэх болсон. Мэдээж хэрэг эмэгтэй хүн зодооны урлагаар хичээллэх тийм ч зохимжтой биш. Учир нь зодооны урлагаар их хичээллэхээр бие хатуурч, булчин суудаг. Булчинтай хүүхэн онцгүй харагддаг шүү дээ. Мөн булбарай зөөлөн гэхээсээ илүү тийм ч хатуу чанга зангидсан оосор шиг биетэй болчихдог. Зодооны урлаг биеийн галбирыг төгс болгодог. Тиймээс булчин энэ тэрийг гоо сайхан харагдуулах боломжтой.
-Та жүжигчин Жеки Чантай хамтран хэд хэдэн уран бүтээлд тоглосон. Та хоёрыг нэг хэсэг зодооны урлаг төгс эзэмшсэн хосууд хэмээдэг байсан. Энэ тухай?
-Тиймээ. Би Хонконгт алдаршаад удаагүй байхдаа Жекитэй танилцсан. Анхны кинонд хамтран тоглосон. Энэ киноны дараа л биднийг холбон бичих болсон. Гэхдээ Жекид энэ бүхэн таалагддаг байсан гэхэд болно. Тэр үргэлж л “Хамтрагчаа сайхан амарсан уу” гээд л залгадаг. Амьдрал урт, бид уран бүтээлчид учраас байнга уулзаж чаддаггүй. Жеки сүүлийн хэдэн жил Америкт очиж, холливуудын найруулагчидтай хамтран ажиллах болсон. Би хятад болон япон гэх мэт азийн улсуудад зураг авалтад ордог учир тэр залуутай байнга уулзаж чаддаггүй.
-Таныг нэг алдартай найруулагч “Мишель Йео тийм ч үзэсгэлэнтэй биш ч гэлээ дотоод гоо үзэсгэлэн, төрлөхийн авьяас нь гайхалтай” гэж байсан. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Тиймээ. Царайлаг хүмүүсийн дунд орохоороо би тийм ч үзэсгэлэнтэй харагддаггүй. Гэхдээ иймхэн шалтгаанаар би сэтгэлээр унахгүй. Гоо үзэсгэлэнг өөрөө бүтээх хэрэгтэй. Үнэтэй хувцас өмсч, нүүрээ гоё будлаа гээд хөөрхөн харагдахгүй. Сэтгэл тунгалаг байвал гоо сайхан харагддаг. Тиймээс сэтгэлээ хиргүй байлгах учиртай.
-Та олон уран бүтээлд тоглосон. Мэдээж хэрэг тоглосон уран бүтээлээ үзээд шүүмжлэх тохиолдол цөөнгүй л байх. Хамгийн их шүүмжилсан уран бүтээлийнхээ тухай?
-Ер нь өөрийнхөө тоглосон уран бүтээлээ гутааж, хэл амаар доромжлох нь утгагүй хэрэг. Би тэр уран бүтээлийн төлөө хангалттай цаг зарцуулж, нойр, хоолгүй зүтгэсэн. Сэтгэл болон биеийн хүчээр бүтсэн дүрээ гутаахыг хүсэхгүй байна. Миний бодлоор “Гейшагийн домог” кино мэргэжлийн хүмүүсээс өндөр үнэлгээ авсан ч үзэгчдээс тийм ч сайн үнэлгээ аваагүй. Учир Японы ёс заншлын тухай өгүүлсэн киноны зохиолыг америкчууд бичиж, гол дүрд нь япончууд тоглосон. Япон олон сая хүн амтай. Хэдэн арван жилийн өмнө Хятад, Япон тааруухан... та миний яриаг ойлгож байгаа байх. Тиймээс жинхэнэ япон үндэстэнүүдээс их шүүмжлэл сонссон. Гэхдээ кино минь сайн болсон.
-Та олон кинонд тоглосон. Ер нь уран бүтээлч байх ямар байдаг вэ?
-Их сайхан. Олон хүн чамайг таньдаг байна гэдэг сайхан хэрэг. Гэхдээ тэдний итгэлийг алдвал би өндрөөс унасантай утга нэг.
-Тоглосон уран бүтээлээ хэр үздэг вэ?
-Байнга шүү. Манай гэр бүл миний фэн. Тиймээс фэнүүдийнхээ хүсэлтээр байнга үздэг.
-Ямар уран бүтээлдээ хайртай вэ?
-Бүгдэд нь хайрттай ч нэгийг нь сонго гэвэл Мьянмарын ардчилсан хөдөлгөөний удирдагч Ан Сан Су Чигийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Хатагтай” кино. Нэгэн бүсгүй хайрын түүх бус нэгэн улсын түүхийн тухай өгүүлэх учир бага насныхан, өсвөр үеийнхний анхаарлыг тийм ч татахгүй. Харин жинхэнэ түүхийн гэрчүүдийн хувьд чухал кино. Би энэ киногоо үздэг. Ан Сан Су Чигийн дүрийг бүтээсэндээ баярлаж, талархаж явдаг. Жүжигчин болоод хамгийн их баярласан зүйл гэвэл энэ агуу хүний дүрийг бүтээсэн явдал.
-Та Ан Сан Су Читэй уулзсан уу?
-Үгүй ээ. Тийм хувь тохиогоогүй. Гэхдээ нэг бус удаа онлайнаар холбогдсон.
-Хэзээ нэгэн цагт Оскарын эзэн болохыг мөрөөддөг үү?
-Мэдэхгүй юм аа. Шилдгийн төлөө нэр дэвших нь миний мөрөөдөл. Хэрвээ эзэн нь болбол их баярлах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ