Нийслэлчүүд Чингисийн талбайд үүр цайтал “шоу”-дана

Монгол улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ны өдөр явагдсан билээ. Энэхүү түүхэн үйл явдлын хүрээнд Чингисийн талбайд энэ сарын 30-ны 20.00 цагт тэмдэглэхээр болжээ.
Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ сарын 30-нд буюу пүрэв гаригт Чингисийн талбайд “Алдарын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, монголын рок попын ертөнцөд 45 жилийн нүүрийг үзэж буй “Соёл-Эрдэнэ” хамтлагийнханд энэ үдэш “Алдарын Од” медалийг ёслол төгөлдөр гардуулахаар болсон байна.
Мөн тэдний уран бүтээлүүдээс сорчлон, шилдэг 25 дууг нь монголын үе үеийн шилдэг, олон сонсогчтой гэгддэг хамтлаг дуучдаар дуулуулахаар болсон байна. Одоогийн байдлаар тус хамтлагийн тодотголтой найман уран бүтээлч өдгөө амьд сэрүүн, уран бүтээлээ хийж буй юм.
Тоглолтын үеэр тэдэнд медалийг гардуулан өгч, СТӨ-ний тусгайлан зассан хананд “Алдрын Од” таван хошууг байрлуулах аж. Уг таван хошууг зураач, барималч, судлаач Б.Эрдэнэбат хийж буй гэнэ.
“Алдарын хүндэтгэл” тоглолтын дараа монголын үе үеийн уран бүтээлчид ая дуугаа өргөж, шилдэгийн шилдэг DJ нарын тоглолтоос сонирхуулах юм байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар уг тоглолт 31-ны үүр цайтал болох аж. Уг үйл ажиллагаа “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд 150 сая төгрөгийн төсөвтэй юм байна.
Дашрамд дуулгахад, "Алдарын од" шагналыг жил бүрийн долоодугаар сарын 30-ны өдөр монголын уран бүтээлчдэд гардуулж байх уламжлал тогтоох ажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ