“Аватар”-ын од торгууль төлөхөөс татгалзав

“Аватар” киноны од, жүжигчин Сэм Уортингтон өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Манхэттэний Грийнвичид Шен Ли хэмээх гэрэл зурагчны биед халдаж, ноцтой гэмтэл учруулсан билээ. Жүжигчний эхнэр, загвар өмсөгч Лара Бинглийн зургийг Шен Ли авах үед Сэм танхайрч, зурагчны аппартыг эвдэлж, зодсон байна.
Энэхүү явдлаас нэг өдрийн дараа зурагчин шүүхэд гомдол гаргаж жүжигчин залуугаас 10 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Нью Йорк хотноо өчигдөр дээрх хэргийн шүүх хурал болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шүүх хуралдааны үеэр Сэм гэрэл зурагчинд нэг ч доллар өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Намайг буруутгаад байгаа бичлэгт засвар орсон. Би гэнэт уурлаад хүн зодоогүй. Зурагчин манай эхнэрийг ангуучилж, зураг авахыг оролддог байсан. Тэр өдөр ч гэсэн зурагчин биднийг дагасан. Тиймээс л би зохих ёсны хариуг нь өгсөн. Би ч гэсэн тайван амьдармаар байна. Тийм учраас мөнгө өгөхөөс татгалзаж байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ