Ааваа, хүү нь компаниа санхүүгийн хүнд байдалд оруулчихлаа

Төрийн захиалгат ажил үйлчилгээ хийсэн ААН-үүдэд өгөх ёстой мөнгийг нь өгөхгүй, түүнийгээ хөлдөөсөн, царцаасан зэрэг янз бүрээр нэрлэж хойшлуулж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр Засгийн газрын 2015 оны 282 дугаар тогтоол гарсан билээ. Уг тогтоолын хүрээнд Монгол Улсын 2008-2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан 280 гаруй төсөл, арга хэмжээний ажлын 160 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтыг векселиэр баталгаажуулахаар шийдвэрлэсэн юм.
Эл шийдвэрийн дагуу өнгөрөгч долоодугаар сарын 30-ны өдрөөс эхлэн энэ сарын 04 буюу өчигдрийн байдлаар нийт 81 аж ахуйн нэгжийн Векселийг бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдлийг хүргүүлээд байсан.
Гэвч өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2015 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар тогтоолы дагуу Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд санхүүжилт гаргахгүй байх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн санал, дүгнэлт гарах хүртэлх хугацаагаар Вексель бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Түүнчлэн Векселиэ бичүүлж мөнгөө авахад бэлэн ААН-үүдэд санхүүжилт олгохыг ажлыг ч мөн адил тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа юм.
Тэгвэл өнөөдөр векселиэр санхүүжих ААН-үүдийн төлөөлөл “Ус-Эрдэнэ” ХХК-ийн удирдлагууд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ. 1991 онд байгуулагдсан “Ус-Эрдэнэ” ХХК нь худаг гаргах, засварлах, услалтын систем барих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ.
“Ус-Эрдэнэ” компанийн захирал О.Пүрэвдорж "2014 онд ХХААЯ-ны захиалгаар Увс аймгийн Түргэн сумын Колагийн услалтын систем шинээр барих ажилд 322.9 сая төгрөгийн барилгын ажил гүйцэтгэж, урьдчилгаа болох 60 сая төгрөгөөс өөр мөнгө аваагүй гэнэ. Шаардлагатай санхүүжилтийг өөрийн нөөц бололцоог ашиглан гаргасаар 2014 оны аравдугаар сард улсын комисст хүлээлгэн өгчээ. Тус компанийн хувьд одоог хүртэл нийт санхүүжилтийнхээ 82 хувийг авч чадаагүй байна.
Тэд үлдсэн санхүүжилтийг авах векселийг 2015 оны долоодугаар сарын 30-ны өдөр гаргаж өгсөн боловч гуравхан хоногийн дараа шийдвэр өөрчлөгдсөн тул векселийн асуудлыг маш яаралтай шийдвэрлэх шаардлагыг УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Сангийн яаманд хүргүүлж байгаа аж. Учир нь, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гэрээг судлах ажлын хэсэг хоёр сар орчим ажиллаж, дүгнэлтээ гаргасан. Гэтэл 200 гаруй аж ахуйн нэгжийн асуудлыг нэг бүрчлэн судлан гэвэл хэр их хугацаа зарцуулахыг хэлж мэдэхгүй байна.
Манай компани банкны зээлээр уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш есөн сар өнгөрч байна. Үүнээс үүдэн төслөөс олох нийт ашгаа банкны зээлийн хүүд төлж, 15 хувийн алдагдалд ороод байна.
Манай компани нийт 60 ажилтантай. Ажилчдынхаа цалинг сүүлийн хоёр сар хугацаанд нь тавьж чадахгүй хүнд нөхцөл байдалд орсон. Хэрэв векселийн асуудал шийдэгдэхгүй удвал манай ажилчдын нийгмийн асуудал тун хүнд байдалд орж, компани цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоход ойрхон байна” хэмээлээ.
Мөн тэрбээр энэ үеэр “Хэвлэлийн хурлын үеэр ааваасаа уучлал гуйхыг хүсэж байна. дамжуулж өгнө үү” гээд “Ааваа таны 25 жилийн өмнө нээж залуу насны эрч хүч, хүсэл мөрөөдөл бүхнээ шингээж хөл дээр нь босгосон компанийг нь хүү нь ганцхан жилийн дотор санхүүгийн хүнд байдалд оруулчихлаа. Намайг уучлаарай. Гэхдээ энэ асуудал надаас болоогүй гэдгийг та мэдэж байгаа ч гэсэн надад хэцүү байна. Нийт ажилтан албан хаагчид болон бидэнд итгэж өнөөдрийг хүрсэн бүх хүмүүсээс ч мөн адил уучлал гуйж байна” гэсэн юм.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ