Зургаан хүүхдийн ээж гоо бүсгүй боллоо

“Оросын миссис-2015” буюу нөхөрт гарсан гоо бүсгүйн тэмцээнд зургаан хүүхдийн ээж, Санкт-Петербург хотын иргэн Екатерина Кирмель түрүүлж, титмийн эзэн болсон тухай “www.wday.ru” мэдээллээ. Энэхүү тэмцээнд заавал гэрлэсэн, нэгээс дээш хүүхэдтэй болон 22-43 насны эмэгтэйчүүдийг оролцохыг зөвшөөрдөг аж. 1998 оноос зохион байгуулагдсан тус тэмцээний төгсгөлийн шат Москва хотноо өчигдөр явагджээ.
Гоо бүсгүйн титмийн эзнээр 37 настай Екатерина гэх бүсгүй шалгарсан байна. Тэрбээр эмч мэргэжилтэй аж. Гоо бүсгүйн өндөр 178 см бол биеийн жин нь 50 кг аж. Тэмцээний дараа Екатерина “TASS” агентлагт “Би бүжиглэх дуртай, бодибилдинг, хөнгөн атлетикаар хичээллэдэг. Би дасгал үргэлж хийдэг учир таргалалтаас айдаггүй” гэж хэлжээ.
Ялагчид титмийн эзэн болохоос гадна Оросын “Wоman’s Daу” сэтгүүлийг чимдэг байна. Екатерина зургаан хүүхэд төрүүлсэн ч түүний биеийн галбир нь төгс хэмээн ерөнхий шүүгч Сергею Карандашову мэдэгдсэн байна. Гоо бүсгүйн хүүхдүүд болох Женя 17 настай, Галя 12 настай, Саша 10 настай, Лера 9 настай, Анатолий 6 настай бол Федора Емельяненко 2 настай аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ