Э.Ганболор мөрөөдлөө биелүүлжээ

“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор ток шоуны хөтлөгч болох нууцхан мөрөөдлөө “Шинэ дэлхий” телевизэд бодит ажил болгохоор шийджээ. Тэрбээр “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлын албыг хашиж буй бөгөөд цоо шинэ дүр төрх, өнгө аястай нэгэн сувгийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод буй аж. Телевизийн салбар дахь түүний хамтрагч нь мөн л хөгжмийн зохиолч Б.Чинбат байх аж. “Sweetymotion” хамтлагийн продюссер, дуучин хоёр энэ удаа хэвлэл мэдээллийн салбарт цоо шинийг мэдрүүлэх гэнэ. Мөн тэдэнтэй .V. студи гар нийлэхээр нэгдээд буй. Телевизийн нэвтрүүлгүүдийн ерөнхий найруулга, гүйцэтгэлийн ажлууд дээр .V. студи, албан ёсны хөгжмийн продюссерээр хөгжмийн зохиолч Б. Чинбат, нүүр царай болох хөтлөгчдийн имиж бүрдүүлэлт дээр Матрикс салон, брэнд хөгжүүлэлт дээр “Бид Монгол агуулга” нэгдлийн туршлагатай дизайнер О. Одонболд зэрэг салбар бүрийн шилдгүүд нэг дор цуглажээ.
Тэд өөрчлөлтийн эхлэлээ телевизийн нэрээ өөрчлөхөөс эхэлжээ. Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн нийтлэг жишгээр үсгэн товчлолд оруулж, “Шинэ дэлхий”-г “VTV” HD хэмээн өөрчилжээ. Мөн хамгийн сүүлийн үеийн өндөр нягтаршилтай дүрсний үзүүлэлт бүхий “FullHD” хэлбэрээр техник, технологийн иж бүрэн шинэчлэлт хийсэн байна.
“VTV” HD телевиз нь энгийн боловч агуулгын хувьд өргөн цар хүрээг илэрхийлсэн “Бид Монголдоо хайртай” гэсэн шинэ уриан дор үйл ажиллагаагаа явуулах аж. Тус телевиз соён гэгээрүүлэх үндсэн үүргээ гол чиглэлээ болгож, Монгол үндэстнийхээ зан заншил, өв соёл, нүүдэлчин ахуй зэргээ түгээн дэлгэрүүлэх зорилготой олон сонирхолтой хөтөлбөр бэлтгэн хүргэх юм байна. Мөн нийгэм,эдийн засгийн болон энтертайнмент чиглэлээр ч цоо шинэ өнгө төрх бүхий нэвтрүүлгүүд бэлтгэн үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэлээ базааж байна.
Э. Ганболор “телевизийнхээ бүхий л хөгжмийн бүтээлүүд дээр Монголын алдартай хөгжмийн зохиолчид, хамтлагуудтай хамтарч ажиллана. Үзэгчдэд маш хурдтай мэдээлэл түгээхийн тулд технологийн хөгжил дэвшлийн давуу талуудыг ашиглана” гэдгээ мэдэгджээ. 35-аас доош насны шижигнэсэн залуусаар уран бүтээлийн багаа бүрдүүлсэн “VTV” HD телевизийнхэн салбартаа тэргүүлэгч контент үйлдвэрлэгч болох том зорилгыг өмнөө тавиад буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ