Хар даваа гариг ба Монгол

Урд хөршийн төрийн хэвлэлээс энэ долоо хоногийн эхний өдрийг “Хар даваа гариг” хэмээн мэдэгдсэний дараа мягмар гаригт Хятадын гол хөрөнгийн биржийн индекс болох “Shanghai Composite” 8.5 хувиар уналаа.
Энэ бол 2007 оноос хойшх хамгийн их уналт бөгөөд АНУ, Европын зах зээлийн бууралт бүр ч ихээр нөлөөлж байна. Энэ зуур Токиогийн “Nikkei index” индекс дөрвөн хувиар буурсан байлаа. Хэдэн арван жилийн турш дэлхийн хоёр дахь том эдийн засаг, бас нийт зах зээлийн хөдөлгөгч хүч хэмээгдэж ирсэн луунуудын хөгжил ийн саарч байна. Улмаар олон улсын хөрөнгө оруулагчид сандралдаж, өөрсдийгөө “хуурай” авч үлдэх арга саамыг хайж эхэллээ. Яагаад гэвэл Хятад бол дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, импортлогч улс билээ. Зарим хөрөнгө оруулагчийн найдвар тасраагүй байгааг бас хэлэх хэрэгтэй.
Тэд Хятадын Засгийн газар яг одоо мөнгөний нийлүүлэлт хийж тусламжийн гараа сунгана гэж хүлээж байгаа юм.
Харин энэ цаг үед хувьцааны ханшийг урт хугацаанд хэрхэн тогтвортой барих вэ гэдэг Бээжингийн толгойг өвтгөж буй хамгийн том асуудал болоод байгаа гэдэг нь эргэлзээгүй. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авч түүгээрээ мөнгө зээлэх түгээмэл хэв маягтай болсон юм. Улмаар Засгийн газар нь санхүүгийн зах зээлд хөндлөнгөөс оролцож, эдийн засгийн “хөдөлгүүр”-ийг тэжээж байв.
Тэгвэл хоёр долоо хоногийн өмнө Төвбанкнаас үндэсний валютынхаа ханшийг сул тавьж, дэлхий дахинд “Хятад хэцүүдэж мэдэх нь” гэсэн түгшүүрийг тараах эхлэлийг тавьсан юм. Ханш нь суларсан юань Хятадаас гаргаж буй экспортын барааг “Хямд” гэсэн шошготой болгож дэлхийн фирмүүдийн анхаарлыг татахаар оролдож байна.
Гэлээ ч өнгөрсөн даваа гаригаас эхэлсэн Хятадын “сүүдэр” мягмар гаригт өнгөө өөрчилж, бага ч болов өөдрөг аясыг бий болгожээ. Хар даваа гаригийн уналтын дараагаас бараа бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өссөн нь дэлхий дахины эрэлт идэвхжсэнтэй холбоотой аж.
Учир нь Европ, АНУ ганцхан шөнийн дотор их алдагдал хүлээсэн ч дараа өдрөөс нь эхлэн ганц нэг гэгээг зах зээлээс олж харж буй тухайгаа илэрхийлсээр байгаа юм.
Хятадын эдийн засгийн уналтаас үүдэн улс орнуудад тогтвортой хөгжил нь хангагдах уу, эсвэл... гэсэн эргэлзээ бий болоод байна.
Өнгөрсөн зургадугаар сарын дунд гэхэд Шанхайн индекс сүүлийн 12 сарын үзүүлэлтээс дээшилж, хоёр оронтой тоонд орсон нь өнгөрсөн хугацаанд Хятадын хөрөнгийн зах зээлд хөөс байсныг харуулж байгаа юм. Хувьцаа худалдан авч түүгээрээ мөнгө зээлж байсан нь зах зээл уруудаад эхлэхэд хөрөнгө оруулагчдыг хөрөнгө оруулалтаа зарж өрөө дарах шийдвэрт хөтөлж байжээ. Харин одоо бид бүгдийг томруулдаг шилээр харж байгаа учраас бодит байдал ил болсон байж ч мэдэх юм.
Газрын тос зэрэг олон бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн даваа гаригаас хойш уналттай байна. Хятадын өнөөгийн хүндрэл бэрхшээл нь энэ жилийн хоёрдугаар хагаст бусад бараа бүтээгдэхүүний үнийн уналтыг “зөгнөж” байна. Үйлдвэрлэлийн түүхий эд, бараа материалын хамгийн том худалдан авагч нь гэгддэг тэдний уналтаас үүдэн зэс, хөнгөн цагаан зэрэг металлын худалдаа, нийлүүлэлт харьцангуй багасахаар байгаа юм.
Харин алтны үнэ өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш өсөлттэй байлаа. Өөрөөр хэлбэл, зургадугаар сард Хятадын зах зээл хямарч байхад ч энэ шар металлын эрэлт буураагүй. Иймээс өнөө цагийн хөрөнгө оруулагчдын хамгийн найдвартай сонголт нь алт байж мэдэх.
Үндэсний орлого нь 30 жилийн турш 10 хувиас буураагүй, ядуурал нь хэдэн зуун сая хүнээр тоологддог, зардлаараа дэлхийн хоёр дахь том эдийн засаг хэмээгдсэн, дэлхийн ДНБ-ий 15, дэлхийн ДНБ-ий өсөлтийн 25 хувийг дангаараа хангадаг улс Хятадаас өөр байсангүй. Хөрөнгийн зах зээл нь гадаадынхны тоглоомын талбар болж, санхүүгийн зах зээл төдийгүй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн ганц том тоглоомын тойрог нь Бээжин байлаа.
Гэтэл өнгөрсөн даваа гаригт энэ өсөлт ганц шөнийн дотор “өвдөг шороодлоо”. Үүнээс улбаалан Европ даяарх хөрөнгийн зах зээлийн индекс тав, Хойд Америкийнх үүнээс дутахааргүй уналтыг амссан юм.
Алсын Америк хүртэл Бээжингийн уналтаас эмээж байна. Тэгвэл хэдхэн км-ийн зайтай байдаг монголчууд бид бүр ч сэрэмжтэй байх ёстой болж таарч байна. Хятадад найдаж морио эмээллэсэн хөрөнгө оруулагчид замаасаа хазайж байгаа энэ үед Монгол Улс хэтийн төлвөө ч өөрчлөх цаг болсон байж мэдэх. Яагаад гэвэл АНУ-ын хэвлэлүүд “Хятадын уналт биднийг ядууруулах уу?” гэж төрийн томчуудаасаа асууж байна.
Тэгвэл бид энэ уналтын эсрэг ямар богцтой сууж байна вэ. Бидэнд дэлгэх хөзөр бий юу. Ирэх жилийн сонгуулийн нойрноосоо сэрж, бодит байдлыг нүдний шилний цаанаас харахаа больё.
Өр тавьж, бонд гаргаж бусдаас хамааралтай амьдрахаас татгалзах шаардлага улс орон бүрт тулгарч байна. Яагаад гэвэл бонд ч бас хөрөнгийн зах зээлийн нэг хэсэг учраас найдвартай сагсанд тооцогдохгүй. Зэс, нүүрсний үнэ унаад эхэллээ.
“Рио тинто” энэ жил Хятадад нийлүүлэх байсан гангийн хэмжээ нь буурснаас алдагдал хүлээх нь тодорхой болчихлоо. Цаадуул нь дэд бүтцийн төслүүд удааширч байна гэсэн шалтгаанаар “Рио”-гоос авах гангийн бүтээгдэхүүнээ багасгаж магадгүй нөхцөл бүрдчихээд байна.
Тэгвэл Оюутолгой яах бол. Ямартаа ч зэс өмнөх шигээ оройд нь гарч гадаадынхны нүд хужирлахаа лав больчихож. Талцаж тоглосон тоглоомондоо монголчууд бид өөрсдөө унахад гайхах зүйлгүй болчихлоо. Зэс, нүүрс зах зээлийн магнайд явахаа болиод байгаа болохоор бид зах зээлийн шалгуурт тэнцэх нүүдэл хийх ганц сонголттой үлдлээ.
Ж.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ