
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаагийн “Мон-Уран”-ны захирал Х.Наранхүүгийн нэр төрд халдсан гэх хэргийн шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Өмнө нь анхан шатны шүүхээс цагаатсан уг хэргийг нийслэлийн давж заалдах шатнаас яллах магадлан бичиж Сүхбаатар дүүргийн шүүх рүү буцаажээ. Үүнтэй холбоотой өнөөдөр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Хүйсийн тэгш эрхийн төвийн захирал Л.Ганбаясгах, сэтгүүлч Д.Болормаагийн өмгөөлөгч Ц.Монгол нар мэдээлэл хийлээ .
Бага насны охидыг садар самуунд уруу татдаг гэмт этгээдүүд бий болж, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээллийг “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаа сониндоо нийтлүүлсний дагуу уг мэдээлэлд нэр дурдагдсан “Мон- Уран”-ы Б.Наранхүү нэр төр гутаасан гэх үндэслэлээр сэтгүүлчийг шүүхэд өгсөн юм. Тиймээс анхан шатны шүүхээс сэтгүүлч Д.Болормааг хүний нэр төрд шууд санаатайгаар халдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг нь цагаатгасан бол давж заалдах шатнаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Маргааш болох шүүх хуралтай холбогдуулан сэтгүүлч Д.Болормаагийн өмгөөлөгч Ц.Монголоос зарим асуултад хариулт авлаа.
-
Давж заалдах шатны шүүхээс Д.Болормаагийн холбогдох хэргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон нь хэр хуульд нийцсэн шийдвэр вэ?
- Уг нь Д.Болормаад үүсгэсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн Эрүүгийн танхимд хянаж үзээд цагаатгах шийдвэр гарсан. Гэтэл давж заалдах шатны шүүх цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзээд , ял өгөх ёстой гэх утгатай магадлал гаргачихлаа . Тэгэхээр маргааш шүүх хурлаас гарах шийдвэр тодорхой болчихлоо гэсэн үг. Ер нь ганц Д.Болормаагийн хэрэг ч биш өөр хэд хэдэн хэргийг анхан шатны шийдвэрийг давах шатанд хүчингүй болгож ял оноож байсан баримтууд бий л дээ.
- Хорих ялаар шийтгэх нь тодорхой болчихсон үед өмгөөлөгч хуралд ямар байр сууринаас оролцох вэ?
-Хорих ял уу, мөнгөн торгууль оногдуулах уу гэдэг хоёрхон сонголт байна. Тэгэхээр бид маргааш болох шүүх хуралд шүүгчээс татгалзана. Энэ нь шүүгчийг буруутгаж байгаа хэрэг биш. Шүүгч хэнээс ч хараат бус байх эрхээ эдэлж чадахгүй, өөрийн дотоою итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм.
-
Нийслэлийн шүүхээс анхан шатны шийдвэр буруу гэсэн магадлал гарсан тохиолдолд Дээд шүүхэд гомдол гаргах боломж бий юу?
-Байхгүй. Шинэ эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нийслэлийн шүүхээс анхан шатны шийдвэрийг буруу гэж үзсэн тохиолдолд Дээд шүүхэд хандах боломжгүй болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ