Кейт Хадсон: Би хүүхдүүдийнхээ төлөө амьдардаг

Холливуудын нэрт жүжигчин Кейт Хадсоны “www.thehindu.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Кунфу панда хүүхэлдэйн киноны гуравдугаар ангид дуу оруулахаар болсноо зарласан билээ. Энэхүү цувралын шинэ анги ирэх оны нэгдүгээр сарын 29-нд нээлтээ хийнэ.
-Олон сая үзэгч, олон сая доллар олсон Кунфу панда цувралд дуу оруулахаар болсон гэсэн. Энэ үнэн үү?
-Тиймээ үнэн. Саяхан Кунфу панда хүүхэлдэйн киноны найруулагч Женнифер Ян надад гайхалтай санал тавьсан.
-Аль баатрын дүрд дуу оруулах вэ?
-Мая Мая гэдэг эмэгтэй пандагийн дүрд дуу оруулна. Олон жил ганц бие амьдарсан По шинэ ангид хайртайгаа учрах болно. Би Погийн сэтгэлийг булааж, зүрхэнд нь оч бадраасан пандагийн дүрд дуу оруулна.
-Хатагтай Янаас хамтран ажиллах санал аваад ямар байв?
-Их баярласан. Би сүүлийн 10 гаруй жил хүүхдийн уран бүтээлд оролцоогүй, ихэвчлэн дэлгэцийн бүтээлд тоглосон. Өөрийгөө сорих их дуртай. Дуу оруулах ч гэсэн нэг төрлийн шинэ сорилт гэж бодож байна.
-Олон уран бүтээлч хүүхэлдэйн кинонд дуу оруулах, жүжиглэхээс хэцүү гэдэг. Та санал нэгдэх үү?
-Би 1990 оны эхээр нэг хүүхэлдэйнд дуу оруулж байсан. Тэгэхэд их амархан, хялбар мэт санагдаж байсан. Одоо ямар байхыг сайн мэдэхгүй байна. Саяхан л зохиолоо авсан. Удахгүй ажилдаа орох байх.
-Кунфу пандагийн гол дүрүүдэд дандаа олны танил, супер одууд дуу оруулсан.
-Тиймээ, би мэдэж байгаа.
-Тэгвэл мэдлэгээсээ хуваалцаач?
-Погийн дууг Жак Блак, бард Анжелина Жоли, могойд Люси Лью, сармагчинд Жеки Чан, хэдгэнэд Сет Роген, мастер багшид Дустин Хффман, тогорууд Дэвид Кросс дуу оруулсан.
-Сайн мэдэж байна шүү?
-Удахгүй хамтран ажиллах хүмүүсийнхээ нэрийг мэдэхгүй бол онцгүй байх. Тэгээд ч би Кунфу пандагийн шүтэн бишрэгч.
-Таны нэрлэсэн уран бүтээлчдээс хамгийн сайн дуу оруулсан эрхэм хэн бэ. Үзэгч, шүтэн бишрэгчийн хувиар.
-Погийн дүрд дуу оруулсан жүжигчин Жак. Энэ залуугийн гаднах төрх хүртэл инээдэмтэй. Яг л По шиг эв хавгүй гэж хэлж болно. Жакийн дуу хоолой олон сая үзэгчдэд таалагдсан байх.
-Таны хүүхдүүдэд энэ цуврал таалагддаг уу?
-Тиймээ таалагддаг. Хөвгүүд маань “Кунфу панда 2” нээлтээ хийх өдрөө зарласнаас хойш бараг унтаагүй. Ээжээ Жак ахаас шинэ ангийн талаар асуугаад өгөөч гэх мэт. /Инээв/ Жак бидний яриаг сонссон мэт маргааш өдөр нь киноны нээлтийн урилгаа өгч билээ.
-Тун удахгүй Рубер, Бингам нар ээжийнхээ дуу оруулсан Кунфу пандаг үзэх нээ?
-Гэхдээ гэнэтийн бэлэг болгож энэ тухай задруулахгүй ээ. Ээжийнхээ дуу хоолойг таних эсэхийг шалгах болно.
-Таныг холливуудын хамгийн гайхалтай ээж гэдэг?
-Хүн бүхэн хүүхдээ хайрладаг. Бурхан над руу илгээсэн тэр гайхалтай бэлгийг гомдоож орхивол утгагүй хэрэг. Би хүүхдүүдийнхээ төлөө амьдардаг.
-Хүүхэд таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?
-Өнөөдөр инээж буй гол утга учир. Хэрвээ энэ хоёр хүү надад ирээгүй байсан бол би уйтгар гунигтай яг л далай шиг амьдарч байх байсан. Харахад амар амгалан ч үнэн хэрэгтэй тийм биш.
-Хэрвээ жагсаавал та карьерээ хэдэд жагсаах вэ?
-Эхлээд хүүхэд, дараа нь хайр буюу нөхөр, төгсгөлд нь карьер. Би мэргэжилдээ хайртай. Холливуудыг хүндэлдэг. Мэргэжлийнхээ буянаар олон ч сайхан найзтай болсон. Гэхдээ карьер минь гэр бүлийг минь гүйцэхгүй. Хэрвээ ганц бие байсан бол карьер нэгт байх байсан. Ээж хүний сэтгэл эхэлж үр хүүхдээ боддог.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ