Алдарт теннисчинг гэмт хэрэгтэнтэй андуурчээ

Нью Йоркийн цагдаагийн ажилтан Уильям Братон гэгч өнгөрсөн баасан гаригт АНУ-ын алдарт теннисчин Жеймс Блейкийг гэмт хэрэгтэнтэй андуурч олны өмнө баривчилсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тамирчин эр Манхаттан дахь “Grand Hyatt” зочид буудлын өмнө зогсч байхад нь гэнэт цагдаагийн ажилтан баривчилж, гарт нь гав зүүсэн байна.
Блейк “Намайг ямар шалтгаанаар баривчилж байгаа юм бэ” хэмээн хашгирахад цагдаагийн ажилтан “Луйварчин минь дуугүй бай” гэж хэлжээ. Цагдаа, тамирчинг хүчээр машиндаа суулгаж, хэлтэс дээрээ авчирч мэдүүлэг авах үеэрээ Жеймс Блейкийг таньсан бөгөөд гэмт хэрэгт холбогдолгүй болохыг нь тогтоожээ. “Grand Hyatt” зочид буудал хуурамч виза картаар гүйлгээ хийж, зугтаасан 40 орчим насны өнгөт арьстай эрийн талаар цагдаагийнханд дуудлага өгчээ. Дуудлагын дагуу ирсэн цагдаагийн ажилтан тамирчинг гэмт хэрэгтэн хэмээн андуурч баривчилсан байна.
Энэхүү хэргийн дараа Нью Йорк хотын дарга Билл де Бласио тамирчнаас уучлалт гуйжээ. Мөн тамирчин эр “CNN” агентлагийн сэтгүүлч Дон Лемонд ярихдаа “Би их гайхсан. Гэнэт л миний гарт гав зүүчихсэн. Юу болоод байгааг ч ойлгоогүй” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ