Элтон Жон: Путиний өмнө өвдөг сөгдөхөд бэлэн байна

Их Британийн нэрт дуучин Элтон Жон Украины нийслэл Киев хотноо хүрэлцэн иржээ. Тэрбээр өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзсан бөгөөд энэхүү уулзалтын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
-Украины дотоодын асуудал олон улсын анхаарлын төвд байна. Та ямар шалтгаанаар Киев хотноо ирэв?
-Шалтгаан гэх зүйл байхгүй. Зүгээр л сүүлийн үед Украины улстөрийн асуудал миний анхаарлыг татаж байгаа.
-Та Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзлаа. Юуны асуудлаар ярилцав?
-Би Порошенког хүндэлдэг. Энэ эрхмийн ярьж буй бүхэн эх орныхоо төлөө байдаг. Мэдээж хэрэг би улстөрч биш. Тиймээс Порошенкотой улстөрийн асуудлаар ярилцаагүй. Зүгээр л ижил хүйстнүүдийн эрхийн асуудлаар ярилцсан. Энэ эрхмийг төр барьж буй хугацаанд ганц ч ижил хүйстэн хос хуримаа хийгээгүй гэдгийг сонссон. Тиймээс л тэдний эрхийн төлөө Порошенко болон Киевийн удирдлагуудтай ярилцахыг хүсч, уулзах санал хүргүүлсэн. Энэхүү саналыг Ерөнхийлөгч хүлээн авсан. Ерөнхийлөгч Украинд амьдарч буй лесби, гей, бисекс, трансжендер хүмүүст дэмжлэг үзүүлэх эрхтэй. Бид бэлгийн чиг хандлагаасаа болж бусдад доромжлуулах ёсгүй. Хамгийн гол нь эдгээр хүмүүсийг ажилд авч, амьдрах итгэл хайрлахыг хүсье. Украины бизнесмэнүүд эдгээр ганцаардмал хүмүүсийг ажилд авахыг хүсч байна.
-2013 онд Украины удирдлагууд ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрсөн. Та энэ талаар мэдсэн үү?
-Тиймээ би судалгаа явуулахгүйгээр ярихгүй. Би Порошенкотой уулзлаа. Одоо дараагийн зогсоол, дараагийн уулзах эрхэм бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин.
-Яагаад Путин гэж?
-Энэ эрхэм ижил хүйстнүүдийг үзэн яддаг нь нэгэнт ил болсон. Тэрбээр “Сочи”-гийн өвлийн олимпийн үеэр ижил хүйстнүүдийн асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн. Путин ижил хүйстнүүдийг үзэн ядаж, нийгэмд сөрөг уур амьсгал бүрдүүлэхээ зогсоох хэрэгтэй. Путин биднийг гадуурхах бодлого явуулдаг. Энэ бүхэн миний дургүйг хүргэж байна.
-Путин таны саналыг хүлээн авах болов уу. Хэр итгэлтэй байна?
-Ижил хүйстнүүдийг төлөөлж би Путинтэй уулзаж, түүний буруу ойлголтыг арилгахыг хүсч байна. Мэдээж хэрэг миний саналаас Путин татгалзаж, намайг шоолж болно. Энэ эрхэм намайг усан тэнэг гэх мэтээр гутаан доромжилж болно. Гэхдээ би түүний буруу ойлголт болон ижил хүйстнүүдийн төлөө түүнээс хараалын үг сонсоход бэлэн байна. Би түүний бодлыг өөрчлөхийн тулд өвдөг сөгдөхөд ч бэлэн байна. Бид XXI зуунд амьдарч байна. Энэ зуунд бүх хүн эрх тэгш амьдрах, хайрлуулах эрхтэй.
-Путин төр барьж байх хугацаандаа энэ асуудал дээр хатуу сууриа хадгалахаа мэдэгдсэн?
-Путин өчүүхэн бодлоосоо салах хэрэгтэй. Тэр ямар шалтгааны улмаас биднийг үзэн ядах болов.
-Та өнгөрсөн онд 10 жил хамтран амьдарсан Дэвид Ферништэй хуримаа хийсэн. Та урлагийн оддоос хамгийн эхэнд өөрийгөө ижил хүйстэн гэж зарласан?
-Амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт. Би 10 гаруй настай байхаасаа л хөвгүүдийг сонирхдог байсан ч энэ бүхнийг бусдаас нууж, хуримаа хүртэл хийж явлаа. Мэдээж хэрэг эхнэр минь нөхрөө ижил хүйстэн гэдгийг мэдээд их шаналсан нь тодорхой. Би тэдний төлөө зоригтой алхам хийж, бусдын үгийг үл тоон өөрийгөө илчилсэн. Олон жил миний зүрх хайраар дутаж байсныг Дэвид ойлгуулсан.
-Та хоёр Захари Жон, Элияа Жон гэх хоёр хүүхэдтэй. Тэд хоёр аавтай байгаадаа гайхдаг уу?
-Тэд балчир байгаа учир иймэрхүү асуудал үүсдэг. Хааяа “Бусад хүүхдүүд аав, ээжтэй байхад бид яагаад хоёр аавтай байгаа юм бэ?” гэж асуудаг. Анх хэцүү байсан ч удаан хугацааны турш бодит амьдралын тухай ярьж, өөрсдийнхөө харилцааг ойлгуулсан.
-Хүүхдүүд тань ямархуу байдалтай хүлээн авав?
-Дажгүй. Одоо бидний дунд иймэрхүү яриа үүсэхээ больсон. Ирээдүйд тэд хэнийг хайрлахыг бид мэдэхгүй ч бусдыг хайрладаг хүмүүс болгохыг тулд хичээж байна. Хайрыг хүчээр авч болохгүй. Чи мөнгөтэй байлаа гээд зүрх сэтгэлийг худалдаж авч болохгүй.
-Таны буянаар олон ганцаардмал хүн сайхан амьдарч байна?
-Энэ бол миний хийх ажил.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ