“Дүрслэх урлаг ба кино” сэдвээр лекц тавьж байна

“Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор зохион байгуулагдаж буй “UB Art Fair 2015” энэ сарын 25-нд албан ёсоор нээлтээ хийж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 11 галерейд шилдэг дүрслэх урлагийн бүтээлийг олон нийтэд танилцуулсан юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Урчуудын эвлэлийн хороо, “Profile” agency хамтран зохион байгуулж буй “UB Art Fair 2015” олон нийтэд дүрслэх урлагийн боловсрол олгох, олон улсын шагналт бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах гэсэн үндсэн хоёр зорилгыг өмнөө тавьжээ.
Энэ хүрээнд“UB Art Fair 2015”-т нэгдсэн дүрслэх урлагийн салбарынхан долоо хоногийн турш нийслэлчүүдийн урлагийн цангааг тайлах олон арга хэмжээг зохион байгуулж буй.
Тиймээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх галерей шинэ үзэсгэлэн гаргаж, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр дүрслэх урлагийн мэргэжлийн ангийн оюутнууд хичээл зааж байна.
Мөн Монголын Урчуудын эвлэлийн хорооны Арт галерей, Монголын Уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей гэсэн гурван газарт мэргэжлийн уран бүтээлчид “Уран зургийн орчин үеийн чиг хандлага” “Дүрслэх урлаг ба кино” зэрэг сонирхолтой сэдвүүдээр цуврал лекцийг нийтэд үнэ төлбөргүй тавьж байна.
Түүнчлэн "Урчуудын өдөр” уран бүтээлчдийн өдөрлөг өнөөдөр УДЭТ-ын урд талбайд болж байна. Энэхүү өдөрлөгт нийслэлт үйл ажиллагаа явуулж байгаа 11 галерей, дүрслэх урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй таван их дээд сургууль, уран бүтээлчид оролцон бүтээлээ нийтэд дэлгэн чөлөөт ярилцлага өрнүүлэх юм.
Мөн дүрслэх урлагийн шилдэг мастеруудаар зургаа зуруулах боломжтой гээд олон сонирхолтой арга хэмжээ болно. Өдөрлөг өнөөдөр 19.00 цаг хүртэл нийслэлчүүдийн хүртээл болно.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ