Ерөнхий шүүгч Ц.Зориг дүүрэгт ажиллав

img

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг Нийслэлийн дүүргийн шүүхүүдэд ажиллаж өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, энэ онд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж байгаа. Тэрээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, тамгын газрын ажилтнуудтай өнөөдөр уулзалт хийлээ. Ц.Зориг “Өнгөрсөн 2011 онд Шүүхийн Ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн багц хуулийн төсөлд бүтэн жилийн хугацаанд анхаарч ирсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон ажил зохион байгууллаа. “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганыг анх удаа нээлттэй зохион явуулсан. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг байгууллаа. Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах талаар анхаарч шүүхийн шийдвэрүүдийг цахим санд байршуулж байгаа. Өнгөрсөн 2011 оныг шүүгч болон ажилчдын нийгмийн асуудалд анхаарсан жил гэж болно. Тэтгэвэрт гарч байгаа шүүгчид 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож эхэллээ. Шүүгч, ажилчдыг орон сууцанд хамруулах үүднээс шинэ орон сууцны барилга бариулж, хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэхээр анхаарч байгаа” гэв. Мөн энэ онд Шүүхийн тухай багц хуулийн төсөлд ихээхэн ач холбогдол өгч байна хэмээгээд шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажиллагаанд иргэдийн төлөөлөгчдийн оролцоо, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг шүүхэд нэвтрүүлэх зэрэг асуудлын талаар хөндөн ярилаа. Түүнчлэн “2012 оны шүүхийн ерөнхий төсөв нэлээд нэмэгдсэн. Энэ жилдээ 5 аймгийн шүүхийг байртай болгохоор зорьж ажиллаж байна. Нийслэлийн хувьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн өргөтгөлийн ажлын зураг төсөл хийгдэж байгаа. Нийслэлийн шүүх шинэ байрандаа ороход бараг бэлэн болсон. Улсын Дээд шүүх өөрийн байртай болох шаардлага байгаа ч үүнд төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр ХЗДХ-ийн сайдын багцад шилжүүлсэн. Тиймээс Дээд шүүхийн барилгын асуудал энэ жилдээ яригдахгүй болсон” хэмээн Ц.Зориг хэлжээ. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Баянзүрх дүүргийн шүүхэд шүүн таслах ажиллагаагаа хэвийн явуулахад нь зориулж зарим техник хэрэгсэл өгсөн бөгөөд цаашид ч энэ тал дээр анхаарахаа амласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ