Би “Одиссей”-доо хайртай

Тэр шат, алчуур, шүүр, модонд уясан гялгар цаас, элдэв дуу, авиа, хөгжмийн ая ашиглаж Хүүхэлдэйн театрын тайзан дээр Одиссейн ертөнцийг бүтээсэн. Ганцаараа. Тэр бол “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын фестивалийн оролцогч, ХБНГУ-ын Ханновер хотын Ханновер театрын жүжигчин Вилли Шлуттер. Барууны төдийгүй дэлхийн утга зохиолын оргилуудын нэг “Одиссей” туулиас сэдэвлэн, нэг хүний жүжигт хөрвүүлэн чадварлагаар амилуулсан юм. 2014 онд Косово улсад болсон нэг хүний жүжгийн фествалийн ялагч түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Танд энэ оройн мэнд хүргэе.
-Баярлалаа. Монголд ирсэндээ таатай байна.
-Таны бүтээсэн Одиссейг үзлээ. Их таалагдлаа.
-Маш их баярлалаа.
-Яагаад “Одиссей”-г сонгож тоглох болсон юм бэ?
-“Одиссей”-г Германд өөр жүжигчин тоглож байхыг өмнө нь харсан. Тэр их таалагдаж байсан. Тэгээд ч би багаасаа Грек, Ромын түүх, бурхдын дүр зэргийг сонирхдог байсан. Хүүхэд байхдаа “Ромын цэрэг байна” гээд л тоглодог байлаа. Энэ маань ч миний сонголтод нөлөөлсөн байх. Мөн зохиолыг нь анх герман хэл дээр уншихад үг, хэллэг нь таалагдсан. Тиймээс л өөрөө жүжиг болгон тавья гэж шийдсэн. Тэгээд нэг найзтайгаа хамтраад хийсэн дээ. Харамсалтай нь тэр маань саяхан бурхан болсон.
-Тайзан дээр тоглож байхад эрч, хүч гаргаж байгаа нь мэдрэгдэж байсан. Та ядарсан уу?
-Мэдээж нэг цагийн турш “Одиссей”-н бүх дүрд хувирч байгаа болохоор тэрүүхэндээ их энерги зарцуулдаг юм байна лээ. Жаахан ядардаг. Миний нас жаахан явж байна. Тэгээд ч тэрүү их эрч хүч зарцуулж байгаа нь илүү мэдрэгдэх болсон /инээв.сур/. Таван жилийн өмнө арай өөр байдаг байсан. Гэхдээ би үргэлж эрч хүчтэй, гоё тоглолтыг үзүүлэхийг хичээсээр байгаа. Энэ дүрдээ хайртай. Дандаа л хүүхэд шиг чин сэтгэлээсээ тоглохыг хичээдэг.
-Та ганцаараа биднийг “Одиссей”-н ертөнцөөр аялуулсан. Жүжгийн бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ?
-Бэлтгэл маш чухал. Тоглолтоос хэд хоногийн өмнө бэлтгэлээ хийж эхэлнэ. Дотроо төсөөлөн бэлдэнэ, сургуулилт хийнэ. Уралдааны жолооч маш хурдан хугацаанд замаа туулахдаа замаа харахаас илүүтэй төсөөлөл, мэдрэмжээрээ явдаг шүү дээ. Тэрэн шиг л жүжгээ яаж чиглүүлж, жолоодох вэ гэж төсөөлөөд бэлддэг. Монгол руу ирэхээр нисэж байхдаа хүртэл төсөөлөн бодоод, жүжгийн бэлтгэлээ хийж байлаа. Ирээд тайзтайгаа, зрительтэйгээ танилцана. Энэ удаагийн Монгол Улсад тоглохоор хол газраас ирсэн. Жүжгээ тоглохдоо хэрэглэдэг бүх зүйлээ авчрах боломжгүй байсан. Аль болох орлуулж хэрэглэх цөөхөн зүйл авчирч, нөхцөл байдалд тохируулан тоглолоо.
-Ханноверт их нэртэй жүжигчин гэж сонссон. Тайзтай амьдралаа холбоод хэдэн жил болж байна вэ?
-Анх жүжигчин болох эхлэл, санаачлагыг манай найз бүсгүй гаргасан /инээв.сур/. Тэр минь Ханноверийн нэртэй дуу бүжгийн консерватурт сурдаг байсан юм. Нэг удаа надад “Би энд сурч байгаа. Чи бас суралцаж жүжигчин болвол” гэж хэлсэн. Би ч яагаад болохгүй гэж бодоод, очоод шалгуулсан чинь тэнцсэн. 40 жилийн өмнө гэнэт л миний жүжигчин болох эхлэл тавигдсан юм.
-Хоёуланд нь цаг бага үлдсэн тул сүүлийн асуултаа тавья. “Ялалтын цуваа” моно жүжгийн олон улсын фестиваль ямархуу болж байна вэ. Таны сэтгэгдлийг сонсъё.
-Энэ наадам олон жүжигчнийг хоорондоо туршлага солилцох боломж олголоо. Маш өвөрмөц үзэгдэлтэй олон тоглолт болж байна. Энэ олон илэрхийлэл, үзэгдэл, сэтгэл хөдлөлийн нийлбэрийн нэг хэсэг нь болж буйдаа баяртай байна.
Вилли Шлуттер ихэд чадварлаг нэгэн гэдэг нь түүний жүжиглэлт, нүүрийн хувирал, дуу хоолой, тайзыг эзэмдэх ур чадвар зэргээс нь харагдаж байсан юм.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ