
Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2010 онд 532, 2011 оны арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар 467 хэрэг хянан шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт шийдвэрлэгдсэн захиргааны хэргийн 50 орчим хувийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн байна.
Харин хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан буцаадаг ба 2010 онд 197, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар 243 нэхэмжлэл, хэргийг хүлээн авахаас татгалзаж буцаасан аж. Энэ нь нийт хүлээн авсан нэхэмжлэлийн 20 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд ихэнх тохиолдолд урьдчилан шийдвэрлүүлэх зарчмыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн шалтгаанаар ийнхүү буцаадаг байна. Ийм тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээд дээрх зөрчлийг арилгаад дахин захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй байдаг бөгөөд олон хүн ийнхүү дахин ханддаг аж.
Судалгаанаас үзвэл тус шүүхийн хянан шийдвэрлэж буй хэрэг маргааны 60 орчим хувь нь иргэд, хуулийн этгээдийн талд шийдэгдсэн байна.
Захиргааны хэргийн шүүх хуульд зааснаар мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлж, нотлох баримтаа өөрсдөө цуглуулдаг онцлогтой бөгөөд жил ирэх тусам эрх ашгаа хамгаалуулахаар хандах иргэдийн тоо өсч, энэ хэрээр ч тус шүүхийн ажлын ачаалал нэмэгдэж байгаа ажээ.
Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх 2004 оны зургаадугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан нь төрийн захиргааны байгууллагад шүүхийн хяналт тавих, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, шийдвэрээс иргэдээ шүүхийн журмаар хамгаалах талаар ямар нэгэн төсөөлөлгүй байсан олон нийтэд цоо шинэ үйл явдал болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ