Том Хэнкс: Алдартай болохыг хүсч буй бол хөдөлмөрлө

Найруулагч Стивен Спилбергийн шинэ бүтээл “Bridge of Spies” буюу “Туршуулуудын гүүр” кино өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус уран бүтээл хүйтэн дайны үеийг харуулах бөгөөд киноны гол дүрд холливуудын нэрт жүжигчин Том Хэнкс тоглосон юм. Жүжигчний “ABS” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Торонтогийн кино наадмын үеэр “Туршуулуудын гүүр” кино нээлтээ хийлээ. Та энэ киноны гол дүрийг бүтээхээс гадна Стивен Спилбергтэй хамтран ажилласан?
-Тиймээ, гайхалтай байна. Олон саад бэрхшээлийг даван туулж энэхүү уран бүтээлийн ард гарсандаа өөрөөрөө болон багаараа бахархаж байна. Залуусаа бид чадсан. Киноныхоо нээлтэд зориулж хэдэн хүнд талархал дэвшүүлмээр байна. Баярлалаа, Стивен Спилберг. Анд минь чамгүйгээр энэ кино яг л элсэн цөл гэсэн үг. Чи бол энэ киноны агаар, ус нь. Чи бол амьд домог.
-Стивен Спилберг тийм ч сайхан ааштай биш. Энэ эрхэм их өндөр шаардлагатай?
-Хүн хийж чадах зүйлийг шаардаж болно. Намайг нис гэсэн ч би нисч чадахгүй. Энэ мэт утгагүй шаардлага тавьбал зодолдоход ч бэлэн байна. Гэхдээ сайн уран бүтээлийн төлөө ганц, хоёр муудалцах бол асуудал биш. Стивен Спилберг алдартай найруулагч. Тэрбээр хийсэн бүтээснээрээ олон улсад алдаршсан. Алдар нэрийг тийм ч амархан хүртэж чадахгүй. Хэрвээ чи алдартай болохыг хүсч буй бол хөдөлмөрлө. Хамгийн гол нь чи сайн чиглүүлэгчтэй байх хэрэгтэй. Энэ залуу сайн чиглүүлэгч. Тиймээс л хийсэн болгон нь амжилт олдог.
-Энэ сард олон гайхалтай найруулагчдын бүтээл нээлтээ хийж байна. “Туршуулуудын гүүр” кино эдгээр уран бүтээлээс юугаараа илүү вэ. Энэ киноны билетийг худалдан авах шалтгааныг хэлээч. Та яг одоо жүжигчин бус борлуулагч?
-Нэгд, Стивен Спилберг энэ киног найруулсан. Тиймээс төгс кино болсон гэсэн үг. Хоёрт, манай баг гайхалтай. Чи энэ уран бүтээлээс жинхэнэ кино гэдгийг мэдэх болно. Зохиол бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн учир чи хэдхэн доллароор өнгөрсөн рүү очих боломжтой.
-Сайн борлуулагч байна. Таны яриаг сонсоод билет худалдан авахыг хүслээ. Бодит явдлаас сэдэвлэсэн гэлээ. Хэн гэгч баатрын тухай өгүүлж байна?
-Америкчууд болон оросууд Францис Гари Пауэрс гэх нисгэгчийг тухай сайн мэднэ. Олон ч ном зохиол дээр энэ нэр гардаг. Тэрээр илд бариад тулалдаг нэгэн биш.
“Туршуулуудын гүүр” кинонд Францис Гари Пауэрсийн жолоодож явсан онгоцыг хуучнаар Зөвлөлт холбоот улсын цэргүүд харваж, нисгэгчийг барьцаалж буйгаар гарна. АНУ-ын Засгийн газар нисгэгчээ суллуулахын тулд Оростой хэлэлцээр хийж буй болон нисгэгчийг суллахаар тэмцэж буй нэгэн гэр бүлийн тухай өгүүлэх болно. Тагнуул хийсэн гэх шалтгаанаар нисгэгчид цаазаар авах ял оноож, хэлэлцээр хийхээс Оросын тал эрс татгалздаг. Энэ тухай л өгүүлэх болно. Залуучууд үзэж, түүхийн мэдлэгээ сайжруулах хэрэгтэй.
-Та ямар дүр бүтээж байгаа вэ?
-Францис Гари Пауэрсийг суллахаар тэмцэж буй өмгөөлөгчийн дүрийг бүтээсэн. Нисгэгч зөвшөөрөлгүйгээр тагнуул хийсэн. Гэхдээ тэрбээр өөрийн хүслээрээ тагнуул хийгээгүй учир нисгэгч эрх чөлөөтэй болох эрхтэй.
-Олон хүн эрх мэдлийн золиос болсоор байна.
-Тиймээ. Үнэн хэрэгтэй дүрвэгсэд хэмээн нэрлэгдээд буй тэр хүмүүс эрх мэдлийн золиос бологсод. Үнэхээр харамсалтай. Амь насаа эрсдэлд оруулж байж ирсэн тэр газар нь диваажин биш байгаад харамсалтай. Уран бүтээлчид энэ асуудал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сэтгүүлчид дүрвэгсдийг үзгээрээ хамгаалах хэрэгтэй. Зураглаачид камераараа тэднийг хамгаалах хэрэгтэй. Найруулагчид тэдний үнэнийг цаасан дээр буулгаж, бүтээл болгох хэрэгтэй.
-Та хэд хэдэн уран бүтээлд туслах найруулагчаар ажиллаж байгаа. Найруулагчийн ажил таалагдаж буйн шалтгаан?
-Олон жил найруулагчийн заавраар дүр бүтээлээ. Сайн, сайн найруулагчид бурхан болж залуучууд төрөн гарч буй ч хөгшин бидэн шиг уран бүтээлчтэй тийм ч амархан хэл амаа ололцохгүй байна.
-“Туршуулуудын гүүр” ирэх “Оскар”-т өрсөлдөх уран бүтээлийн нэгээр нэрлэгдэж байгаа. Таны бодлоор сайн уран бүтээл гэж юу вэ?
-Сайн уран бүтээл болгон шагнал авдаггүй. Сайн уран бүтээл олон үзэгчидтэй байх ёстой. Олон шагнал хүртсэн зарим бүтээл тийм ч төгс байдаггүй. Болох ёстой зүйл болдгоороо болох байх. Тийм ч их найдахгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ