“Өргөст сарнай”

Фэйсбүүк хуудсанд “Nara Davaasuren Zahiurt Ovogt” гэдэг нэртэй эмэгтэйтэй олон хүн найз байх. Энэ хуудас руу оронгуут хорт хавдар гэх аюулт өвчинд бууж өгөлгүйгээр, тэмцэж яваа түүний сэтгэлийн их хат, зориг тэвчээр, ухаан “үнэртдэг”.
Цахиур овогт Даваасүрэнгийн Наранчимэг гэдэг энэ эмэгтэй хоёр жилийн өмнө “Амьд явах виз” ном бичиж, олонд хүргэсэн. Түүнийг хүн болгон танихгүй. Тэр алдартай зохиолч, уран бүтээлч, олны танил биш. Зүгээр л бидний адил эгэл жирийн эмэгтэй, ээж, гэргий. Түүний мэргэжил Хүнсний технологийн инженер. Герман улсад боловсрол эзэмшсэн тэрбээр сүүлийн жилүүдэд Герман хэлний багш хийж ирсэн аж.
Харин энэ удаа тэрбээр “Өргөст сарнай” ном бичжээ. Түүний номын нээлт өнгөрөгч бямба гарагт “Интерном” их дэлгүүрт болсон юм. Энэ үеэр Д.Наранчимэгтэй цөөн хором ярилцав.
-Шинэхэн номоо өлгийдөн авчээ. Өмнө нь та “Амьд явах виз” номыг хоёр жилийн өмнө уншигчдын хүртээл болгож байсан.
-Би хоёр дахь номынхоо нээлтийг хийж байна. Энэ номонд 1990-ээд онд манай улсад тохиосон хоёр нийгмийн шилжилт, задрал өөрчлөлттэй холбоотойгоор барууны ертөнц рүү, хилийн чанад руу зорьж буй монголчуудын талаар өгүүлнэ. Тэр цаг үед жинхэнэ бодит байдал ямар байсан юм бэ гэдэг амьдралын үнэнг тусгаж өгөхийг хүссэн. Тэр тусмаа ийм нөхцөлд эмэгтэйчүүд,бүсгүйчүүдийн үүрдэг ачааны үнэн түүхийг илүү гаргасан. Бодит хүний амьдралаас сэдэвлэсэн роман юм.
-Олон хүн таны фэйсбүүк хуудсаар зочилж өөрийн чинь талаарх мэдээллийг хардаг шүү дээ. Таны биеийн байдал хэр байна?
-Миний биеийн байдал гайгүй байгаа. Гэхдээ эмчилгээ маань амжилтгүй болоод элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор болсон. Миний шинэ номыг худалдан авснаар тухайн цаг үеийн үнэн түүхийг мэдэхээс гадна миний эмчилгээнд нэмэр хандив болж байгаа гэдгийг хэлмээр байна.
-Та өөрийн фэйсбүүктээ өвчинтэйгээ хэрхэн тэмцэж байгаа талаар бичдэг. Энэ нь олон хүнд амьдралын утга учир, тэсвэр хатуужил гээд олон зүйлийг мэдрүүлдэг.
-Хүмүүст сүүлийн үед би ганц л зүйлийг хэлж байгаа. Хүн хүнээрээ байгаарай . Тэр тусмаа хүн өөрийгөө мэдэхгүй. Өрөөлийг хайрлаж байж, өөрийгөө хайрлуулна гэдгийг л хэлэх дуртай болоод байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ