Рэнди Куэйд баригджээ

Холливуудын нэрт жүжигчин, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн Рэнди Куэйд өчигдөр 22.00 цагийн орчимд АНУ-д хөл тавих үедээ хилийн хамгаалагчдад баригдсан байна. Тэрбээр эхнэр Эвигийн хамтаар Канадын Кюбек хотоос Америкийн Вермонт мужид нэвтрэх гэж байхдаа саатуулагдсан тухай “www.dailymail.co.uk” уламжлав.
2010 оны аравдугаар сард жүжигчин эр Калифорни мужид олон нийтийн газар зодоон хийж, 5000 ам.долларын хохирол учруулжээ. Энэхүү явдлын дараа жүжигчнийг шүүхээс дуудсан ч тэрбээр эхнэрийнхээ хамтаар Канад руу оргон зайлсан юм. Рэнди, Эви нар Америкт хөл тавьсан тохиолдолд шууд баривчлах болно гэдгээ холбогдох албаныхан мэдэгдэж байсан билээ.
“Жүжигчин ямар шийтгэл авах нь тодорхойгүй байгаа ч нэлээдгүй хугацааг торны цаана өнгөрүүлэх болно” хэмээн цагдаагийнхан мэдэгджээ.
“Оскар”-ын шагналт “Бөгтөр уул”, “Сүүлчийн кино үзвэр”, “Цаасан сар зэрэг” гэх мэт 50 гаруй киноны гол болон туслах дүрийг бүтээсэн Рэнди дээрх асуудлаас хойш ганц ч уран бүтээлд тоглоогүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ