Бобби Браун: Гордан буруугаа хүлээж, ялаа эдлэх хэрэгтэй

Дуучин Уитни Хьюстоны экс нөхөр Бобби Браун охин Кристина Брауныг алдсанаас хойш анх удаагаа хэвлэлд ярилцлага өгчээ. Брауны “www.wbls.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Таны уй гашууг үгээр илэрхийлэх аргагүй. Охиноо алдаад хэрхэн аж төрж байна даа. Кристина бидний дэргэдээс яваад гурван сар болчихож?
-Охин минь өнгөрсөн долоодугаар сарын 27-нд нас барсан. Хөөрхий охин минь 22 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Кристинагийн амьсгалын аппаратыг би салгаж, үүрд явуулсан. Цаашид амьдрах боломжгүй гэдгийг нь сонсоод, дахин хоосон итгэл дунд амьдрахыг хүсээгүй учир аппаратыг нь салгасан. Кристинаг явуулсны дараа миний амьдрал ямар ч утгагүй, баяр баясгалангүй болсон. Өнөөдрийг хүртэл яагаад амьдраад байгаагаа мэдэхгүй байна. Ардаас нь явахыг хүссэн үе зөндөө. Үнэхээр зүрх минь шархалж байна.
-Заавал аппаратыг нь салгах шаардлага байсан гэж үү.
-Клиник үхэлд орсон учир хэзээ ч дахин сэрэхгүй. Тиймээс эртхэн явуулж, сэтгэлийг нь амраахыг олон хүн зөвлөсөн.
-Кристина, ээжтэйгээ уулзсан болов уу?
-Уулзсан байх. Тэд намайг хараад инээлдэж байгаа байх. Охиноо явуулаад тэдний тухай зүүдэлсэн. Тэд инээлдэж бас намайг шоолж байсан.
-Хүмүүсийн ярьснаар Кристина олон сар ухаангүй байсан учир турж, бүх үс нь унасан байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Та нар хагас жил юу ч идэхгүй байж үзсэн үү. Хөөрхий охин минь гуурсны тусламжтай хооллож, шингэн зэргээ гаргадаг байсан. Одоо тэр талаар ярихыг хүсэхгүй. Гэхдээ оршуулахдаа цагаан өнгийн даашинзтай оршуулсан. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан. Үгээр илэрхийлэхийн аргагүй гоо үзэсгэлэн нойрсож буйг хараад нулимс минь....
-Бидний мэдэж буй зүйл бол энэ оны эхээр Кристина Жоржиа мужид байрлах гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй олдсон. Цорын ганц гэрч бол охины сүйт залуу Ник Гордан. Тэр үед Кристина тийм хүнд гэмтэл авсан байсан гэж үү. Хэзээ ч ухаан орохгүй хүнд гэмтэл авсан байсан гэж үү?
-Эмч нар хүртэл оношийг нь тогтоож чадаагүй. Би дуучин болохоос эмч биш. Тиймээс охиныг минь үхэлд хүргэсэн тэр хүчин зүйлийг мэдэхгүй байна.
-Ник Гордан та хоёрын харилцаа?
-Би хэзээ ч бодлоо өөрчлөхгүй. Тэр охиныг минь алсан. Түүнтэй эвлэрч, уучлахыг ч хүсэхгүй байна. Насан туршдаа түүнийг буруутгах болно.
-Гордан өөрийгөө хохирогч гэсэн?
-Хохирогч гэсэн үү. Үгүй дээ. Жинхэнэ хохирогч бол миний охин. Хохирогч болохоор л одоо энэ ертөнцөд байхгүй байна.
-Уитнигийн гэр бүл түүнийг шүүхэд өгч, олон сая доллар нэхэмжилсэн. Энэ тухай?
-Гордан буруугаа хүлээж, ялаа эдлэх хэрэгтэй. Охиныг минь үгүй болгосон хүн эрх чөлөөтэй байгааг харах таагүй байна.
-Таныг Уитни болон Кристинагийн талаар ном бичиж байгаа гэж сонссон?
-Тиймээ. Бүх үнэнг энэ номноос уншиж болно. Бидний хайр хэзээ эхэлсэн. Хэзээ бидэн дээр Кристина ирсэн. Залуухан реппер эр хүүхэдтэй болоод хэрхэн амьдрал нь өөрчлөгдсөн. Хөгшин реппер цор ганц охиноо алдаад хэрхэн шаналсан талаар нууж, хаалгүйгээр бичсэн.
-Энэ ном амжилт олох байх. Яагаад ном бичихийг хүссэн юм бэ?
-Бүх үнэнг сэтгэл дотроо нуухыг хүсээгүй. Гэр бүлээ хамгаалах эцсийн арга. Цуурхал гэр бүлийг минь үгүй хийж байна. Би гэр бүлээ хамгаалах ёстой. Энэ бол миний үүрэг.
-Та өөрийгөө сайн аав гэж боддог уу?
-Үгүй ээ. Би охиноо зөндөө гомдоож байсан. Охиныхоо өмнө олон буруу зүйл хийсэн. Гэхдээ ганцхан үнэн бол би хэзээ ч Кристинаг хайрлахаа зогсоож байгаагүй юм шүү.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ