МАН, МАХН-ыг хамтрахыг хүслээ

МАН болон МАХН-ын ахмадуудын төлөөлөл өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нартай уулзаж, өргөн бичиг барилаа.
Уг өргөх бичигт УИХ-ын 2016 оны сонгуульд МАН, МАХН-ыг эвсэл байгуулж, хамтран оролцохыг уриалжээ.
Өргөх бичигт “Өнгөрсөн хугацаанд МАХН-ын гишүүдийн нэг хэсэг нь АН-тай хамтарч, нөгөө гишүүд нь МАН нэрээр сөрөг хүчин хэмээж хүчээ сарниулсны улмаас эрх баригчдын хууль бус, хариуцлагагүй үйл ажиллагаа газар авлаа. Монголын газар нутгийн 60 гаруй хувийг хайгуулын лиценз нэрээр гадныханы гарт орж, улсын гадаад өрийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэлийн орлогын 70 хувиас хол давлаа. Төр засгийн буруутай бодлогоос үүдэн 5000 гаруй аж ахуйн нэгжүүд хаалгаа барив. Тиймээс үзэл бодол, угшил үндэс нэгтэй МАН, МАХН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон, ард түмний эрх ашгийг бодолцож үл ойлголцлоо зогсоож, аливаа асуудалд ухаан тэвчээр гарган 2016 оны сонгуульд хоёр нам эвсэж орох саналыг өргөн барьж байна” хэмээжээ.
Өргөх бичигт МАН, МАХН-ын 44 ахмад гарын үсгээ зуржээ.
МАН-ын дарга М.Энхболд ахмадуудын өргөн барьсан бичгийг ойрын хугацаанд удирдах зөвлөлд танилцуулж, хэлэлцэнэ гэдгээ тэдэнд дуулгав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ