Бибер ээжээсээ харилцаагаа тасалжээ

Дуучин Жастин Бибер энэ амралтын өдөр “Billboard” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ ээж Патриция Маллетээс харилцаагаа тасалж, зургаан сар орчим уулзаагүй тухайгаа ярьжээ. Тэрбээр “Ээжээсээ би ичээгүй. Зүгээр л харилцахыг хүсээгүй юм. Би энэ тухайгаа тодорхой хэлсэн. Миний хөдөлмөрлөсөн мөнгийг үрж, миний ээж гэх шалтгаанаар алдаршихыг хүссэн нь надад таалагдаагүй. Би ээждээ хайртай. Миний хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүхий л цаг хугацаанд ээж дэргэд минь байсан. Гэхдээ ээжийн минь амиа хичээсэн зан миний сэтгэлийг гуниглуулах боллоо. Би ээжээсээ өөр хэнд ч итгэдэггүй. Гэтэл ээж минь намайг хуурсан. Энэ асуудал намайг гуниглуулсан. Гэр бүлийн нууц учир ингээд зогсооё” хэмээн өгүүлжээ.
Маллет хүүгээ 17 настайдаа төрүүлсэн бөгөөд Биберийн бөмбөр, гитар тоглож, дуу дуулж буй бичлэгийг “Youtube.com” сайтад байршуулж, олны танил болгоход голлох үүргийг гүйцэтгэсэн билээ. Тус ярилцлагын дараа Маллет твиттерээсээ Биберийг хассан тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ