“Чинжигийн сонгодог аялгуу” 100 мянган төгрөгөөр үнэлэгджээ

img

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 насны ой энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд “Чинжигийн сонгодог аялгуу” тоглолтыг гэр бүл, шавь нар нь хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулахаар болжээ. Тоглолтын талаар хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, МУУГЗ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нар мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногийг уран бүтээлчийн “Хөгжмийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.  Хөгжмийн зохиолчийн шилдэг дууны  уран бүтээлийн болон цөөхүүл, найрал хөгжмийн гурван тоглолтыг  энэ өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

 

“Чинжигийн сонгодог аялгуу” тоглолт УДБЭТ-т пүрэв гаригт болох аж. Уг тоглолтод хөгжмийн зохиолчийн хоёр охин нь оролцож аавынхаа дан хөгжмийн уран бүтээлийг үзэгчдэд тоглож сонирхуулах юм байна.

 

Харин баасан гаригт “Эх орондоо дуулах бүүвэйн дуу” тоглолт ХЦДБЧ-д болно. Тус тоглолтыг хөгжмийн зохиолчийн шавь МУУГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од санаачлан зохион байгуулж байгаа юм байна.

 

Хөгжмийн зохиолчийн дууны уран бүтээлийн “Дууны хорвоо” гала тоглолт бямба гаригт СТӨ-нд тоглогдох аж. Уг тоглолтод МУГЖ Г.Равдан, МУАЖ А.Долгор, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Ц.Өлзий-Орших зэрэг олон уран бүтээлч оролцох юм байна.

 

“Чинжигийн сонгодог аялгуу” тоглолт цөөн хүний вип танхимд тоглогдох гэнэ. Уг тоглолтын урилга 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд урилгыг худалдан авснаар дараа өдрийн 2 тоглолтыг үнэгүй үзэх боломжтой юм байна. Бусад тоглолтын тасалбар 20 мянган төгрөгөөр УДБЭТ, СТӨ-ний билетийн кассаар худалдаалагдах аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ