“Оройн дээд” дуулалт жүжиг дахин тоглогдоно

img

 

 

ҮДБЭЧ-ын 65 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойг угтаж чуулгын уран бүтээлчид “Монголын их хатад” бүжгэн туульс, “Оройн дээд” дуулалт жүжиг, “Монголын их нүүдэл” Үндэсний хөгжмийн их найрал концертуудыг цувралаар тоглохоор болжээ. Мөн “Эх орноо, их урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилья” урианд дор “Монголын үндэсний урлагийн гайхамшиг” сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байгаа аж. Уралдааны оролцогчдод зориулан “Монгол үндэсний бүжгийн баяр” зураг авалтын өдөрлөгийг маргааш буюу 21-нд “Хүннү молл” цогцолборт зохион байгуулах юм байна.

 

 

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчдийн “Монголын их хатад” бүжгэн туульс ирэх ням гариг буюу 22-ны 19 цагт ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдох аж. Уг бүжгэн жүжигт Монголын түүхэнд үйл хэргээрээ мөнхөрсөн  9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн хэлээр өгүүлдэг. 2013 онд чуулгын уран бүтээлчид анх тайзнаа бүтээж, соёл урлагийн шилдэг бүтээл шалгаруулах “Гоо марал” наадмын шагналыг хүртэж байсан. Харин энэ удаад чуулгынхаа 65 жилийн ойд зориулан дахин тайзнаа тоглохоор болжээ.

 

 

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг энэ сарын 25-нд тоглогдох юм байна. Хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж, шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, ноёд тайж нар болон Богд Жавзандамба хутагт жүжгийн гол дүр. Энэхүү жүжигт 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдрийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлдэг.

 

Харин энэ сарын 28-ны өдрийн 19 цагаас Үндэсний их найрал хөгжмийн “Монголын их нүүдэл” концертыг тоглохоор төлөвлөжээ. Уг тоглолтонд дэлхийн сонгодог болон орчин цагийн монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд тоглогдохоос гадна морины сэдэвтэй дууг шинэчлэн найруулсан ая эгшигээр үзэгчдийн сонорыг мялаах гэнэ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ